Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх чиг үүргийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүний эрхийн сургагч багш бэлтгэн сурагчдад хүний эрхийн боловсрол олгох сургалтыг тасралтгүй зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын гишүүд, хуульч, өмгөөлөгч зэрэг 40 оролцогчийг “Үндсэн хууль-Манай сургуульд” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтад 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хамруулж, сургагч багшийн сертификат олгосон юм.
Комиссоос бэлтгэгдсэн дээрх сургагч багш нар нийт 8 баг болж 2023 оны 06 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 01-ний хооронд “Цахим орчин дахь хүүхдийн эрх”, “Хууль дээдлэх ёс”, “Шударгаар шүүлгэх эрх”, “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх”, “Тэгш эрхийн зарчим, ялгаварлан гадуурхалтыг хориглох нь” сэдвээр Улаанбаатар хот, 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 8000 орчим сурагчдад сургалт орж, хүүхэд залуусын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Хүний эрхийн боловсрол сургалтыг сайн дурын үндсэн дээр хүүхэд, залууст хүртээмжтэй, тэгш хамруулж, бусдыг манлайлж, зохион байгуулж, үр дүнтэй ажилласан сургагч багш Б.Ардак, Г.Бат-Отгон, Б.Эрдэнэчимэг, Р.Хатансайхан, Д.Амараа нарыг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Хүний эрхийн сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Х.Цэцгээ, референт Э.Сансар нар өнөөдөр /2024.01.24/ хүлээн авч талархал илэрхийлэн, цаашид хамтран ажиллах чиглэлд санал солилцлоо.
Хүндэтгэлийн уулзалтын үеэр Комиссын дарга Д.Сүнжид хүний эрхийн боловсрол, мэдлэг, ойлголт нь ажил, амьдрал, суралцах зэрэг нийгмийн бүхий л харилцаанд оролцоход чухал байр суурь эзэлдэг гэдгийг тодотгоод хүний эрхийн боловсролыг хүүхэд, залууст бага наснаас нь олгох Комиссын ажилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа сургагч багш нарт талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр сургагч баш нар дараах санал гаргалаа.
СУРГАГЧ БАГШ Б.АРДАК: Хүний эрхийн хичээлийн цаг дуусаж, хонх дуугарчхаад байхад сурагчид асуулт асуумаар байна гэж байсан. Нэг сургуулийн сурагчид асуултуудаа дугтуйд хийгээд надад дамжуулж өгөхийг жижүүрээс гуйсан байна лээ. Эндээс үзвэл, хүүхэд, залуус эрхээ мэддэг, хамгаалж чаддаг, үүргээ биелүүлдэг, хариуцлагаа ухамсарладаг байхыг хүсэмжилж байгаа нь илт харагдсан. Сургуулийн орчинд хүүхэд хүүхдээ дээрэлхэхээс илүүтэй багш, эцэг, эхчүүдээс хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн дарамт их байна Тиймээс сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг, эхчүүдийг хүний эрхийн мэдлэг, ойлголт олгох сургалтад үе шаттай хамруулах нь зүйтэй.
СУРГАГЧ БАГШ Д.АМАРАА: Хүний эрхийн боловсрол түгээх замаар нийгмийн соён гэгээрүүлж буй Комиссын албан хаагчдад талархал илэрхийлье. Тиймээс хүний эрхийн боловсрол олгох хичээлийн хөтөлбөрт сэтгэцэд нөлөөт бодис, эм, бэлдмэлийн хор хөнөөлийг таниулсан агуулга тусгах саналтай байна.
Түүнчлэн Батлан хамгаалах яамтай хамтарч цэргийн ангиудад хүний эрхийн чиглэлийн хичээл заахаар төлөвлөсөн. Ирэх гуравдугаар сараас ажил хэрэг болно.
СУРГАГЧ БАГШ Р.ХАТАНСАЙХАН: Би ерөнхий боловсролын зургаан сургуульд сургалт орсон. Тэр дундаа тусгай хэрэгцээт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт орох үед хүлээлтээс давсан үр дүн гарсанд маш их урамшсан. Эндээс идэвх санаачилгатай сурагчдыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэн тэднээр дамжуулан үе тэнгийнхэнд нь хүүхдийн эрх, хүний эрхийн боловсрол түгээх нь оновчтой байх болов уу гэдэг саналтай байна.