Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
"МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА,
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН
Г. ЗАНДАНШАТАР ТАНАА
Миний бие Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр хамтран ажиллаж байсан хүний хувьд танд хандаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ би Монгол Улсын эдийн засгийн хөгжил, аж үйлдвэр, бүтээн байгуулалтад гадаадын технологи, хөрөнгө оруулалт чухал шаардлагатай гэж үздэгийн хувьд мөнхийн хоёр хөрш, мөн гуравдагч хөрштэй стратегийн түншлэл байгуулан ажиллаж ирсэн.
УИХ-аар хэлэлцэхээр бэлтгэж байгаа сайд Ч.Хүрэлбаатарын санаачилсан “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улс, Монгол хүн бүрийн язгуур эрх ашигт нийцэхгүй нь илт байна.
Учир нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хөрөнгө оруулалтын суурь шаардлага болох 100 000 ам.долларын босгыг уг хуулиас хассанаар гадаадын хөрөнгө оруулагчид тавих хөрөнгө оруулалтын хэмжээг Монголын Засгийн газар тодорхойлох, шаардлага тавих эрхгүй болох нь. Дэлхийн бүх улсууд гадаадын хөрөнгө оруулагч статус авахад асар их хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлдэг учраас хөрөнгийн босго тавьдаг юм. Гэтэл хөрөнгө оруулаагүй хирнээ Хөрөнгө оруулагч болж, давуу эрх эдлэх нь наандаж шударга ёсны зарчимд нийцэхгүй. Цаашилбал үндэсний язгуур эрх ашигтай зөрчилдөх болно.
Сайд Ч.Хүрэлбаатарын хүслээр бол гадаадын хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулах хэмжээгээ өөрийн үзэмжээр тодорхойлж, 1 төгрөг оруулах ч боломжтой болох юм байна. Компанийн тухай хуульд заасныг баримтлаад 1 сая төгрөгийн дүрмийн сантай гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах, эсвэл бүртгэлтэй компанийн 25 хувийг 250 000 төгрөгөөр худалдан авснаар Гадаадын хөрөнгө оруулагч гэгдэж хуульд заасан урамшуулал, бусад давуу эрхийг бүрэн эдлүүлэхээр Ч.Хүрэлбаатар бэлджээ.
Түүний бэлтгэсэн хуулийн төслийн 7.1.1-д зааснаар Гадаадын хөрөнгө оруулагч нь “хөрөнгө оруулалт хийх хэлбэр, хэмжээ, хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутаг зэргийг хараат бусаар сонгох, холбогдох шийдвэрийг бие даан гаргах” эрхтэй гэжээ. Дээр нь уг этгээд нь сонгосон газар, бүс нутгаа хуулийн төслийн 16.1.1-д заасан “газрыг 15-60 жилийн хугацаагаар гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 жилээр сунгах”, 16.1.5-д заасан “гадаадын хөрөнгө оруулагч түүний гэр бүлд Монгол Улсад байнга оршин суух зөвшөөрөл олгоно” зэрэг монголын иргэнд ч олддоггүй үлэмж давуу эрхийг эдлэх болж байна.
Газар бол улсын үндэс хэмээн монголчууд эртнээс үзсээр ирсэн. Ямар ч тохиолдолд газрыг урамшуулалд өгч болохгүй. Гадаадын иргэнд байтугай бурханд ч битгий өг гэсэн өвгөдийн сургаал бий шүү. Гэтэл Ч.Хүрэлбаатарын санаачилсан хууль дахь урамшууллын заалтуудыг гадаадын иргэд зоргоор ашиглан, Монголын газар нутгаас хүслээрээ сонгож, гэр бүлээ татан төвлөрүүлж, 100 хүртэл жилээр суурьшин амьдарч, аажмаар гадаад иргэдийн том хэмжээний төвлөрсөн суурин үүсгэх нь. Энэ нь манай үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашигт нийлэх үү?
Маш товчхон илэрхийлбэл Ч.Хүрэлбаатарын хуулийн төсөл Монгол Улсад Гадаадын хөрөнгө оруулах тухай бус, гадаад хүн оруулах тухай хууль болжээ. Хөрөнгө оруулагч нэрээр гадаадын иргэнийг гэр бүлийн хамт дуртай газраа өөрийн дураар сонгон амьдрахыг хуульчилсан далд зорилготой гэж дүгнэх бүрэн үндэстэй байх тул тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутгаа хамгаалан, ард түмэнтэйгээ хамтран тэмцэх болно гэдгийг Монголын Ардчилсан Холбоо мэдэгдэж байна.
МОНГОЛ УЛСЫН ТАВ ДАХ ЕРӨНХИЙЛӨГЧ
ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр" гэсэн байна.