Олон нийтийн сүлжээнд “PubG аккаунт худалдаж авна” гэж зар оруулж, иргэдийг хуурч мэхлэн эзэмших эрхийг нь нь шилжүүлэн авч, залилан хохирол учруулдаг 17 настай залууг Эрүүгийн цагдаагийн албаны ажилтнууд илрүүлэн шалгаж байна. Иргэдийн хаягийг хэргийн холбогдогч нар авмагцаа тухайн тоглоомын цахим аккаунтаас дамжиж фэйсбүүк хаяг руу нь нэвтэрдэг аж.
Ингээд "Мөнгө зээлэх үү" хэмээн зурвас бичиж, “Gopoker”, “Naadam Play”, “Star Club Mongolia” зэрэг цахим мөрийтэй тоглоом тоглуулагчдын данс руу залилан авсан мөнгөө шилжүүлдэг гэнэ. Улмаар тухайн данснаас өөрийн эзэмшлийн арилжааны банкны данс руу шилжүүлэн бэлнээр авч байжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрбээр иргэдэд 250 орчим сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож буй гэнэ. Хэрэгт холбогдсон залуугийн гар утсанд үзлэг хийхэд иргэдийг мэхлэхдээ ашигладаг 100 орчим Gmail, залилж авсан 300 гаруй аккаунт хадгалж байжээ. Түүнд Эрүүгийн хуулийн бусдыг залилсан, мөнгө угаасан, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан гэсэн зүйл заалтын дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.