2024 он гарснаас хойших эхний дөрөв хоногт хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд 1000 орчим дуудлага иржээ. Үүний 100 гаруй нь хүүхдийн эрх зөрчигдсөнтэй холбоотой дуудлага юм байна. Дээрх тоон үзүүлэлтүүд өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэнд сэтгэл зовниж буйгаа албаныхан онцолсон.
18 хүртэлх насныхан тулгамдсан асуудал, биеийн болон сэтгэл зүйн дарамт, гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээлэл, зөвлөгөөг дээрх утсаар дамжуулан мэргэжилтнүүдээс авдаг. Хүүхдийн 108 төвийнхөн өнгөрсөн онд 111 223 дуудлага хүлээн авчээ. Тэдгээрээс 64 304-ийнх нь дагуу үйлчилгээ үзүүлсэн аж. Тус төвийн ахлах нийгмийн ажилтнаас энэ талаар тодруулахад “Хүүхдийн эрх зөрчигдөж буй талаарх дуудлагын ихэнх хувийг бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл эзэлдэг. Өнгөрсөн жил хүүхдийн бие махбодын хүчирхийлэл 4248-д хүрсэн нь 2022 оныхоос 1000-аар илүү байна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн орчинд үе тэнгийнхний хүчирхийлэл, цахим орчны дарамт өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдсэн” гэв.
Хүүхдийн эрх сургуулийн орчинд, найз нөхдийнхөө хүрээнд хамгийн их зөрчигддөг нь анхаарал татав. Энэ талаар албаныхан “Сурагчид нэгнээ амьдралын түвшнээр нь ялгаварлах, элдэв үгээр доромжлон гоочлох, хоч өгөх, айлган сүрдүүлэх нь цөөнгүй байна. Мөн сурагчид зодолдож нэгнээ бэртээх, анги удирдсан багш эрхийг нь зөрчсөн талаарх гомдол ч цөөнгүй. Багш хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах, хичээлийн үеэр биед нь хүрч, цохих тохиолдол чгардаг” гэв. Бодлого боловсруулагчид хүүхэд, залуусын эрх ашгийг хамгаалж буй мэтээр ярьсаар ирсэн. Гэвч бодит байдалд өөрчлөлт төдийлөн харагдахгүй, харин ч асуудлууд даамжирсаар байгааг хүчирхийллийн тоо баримтууд тодорхой харуулна.
“БАГШ, ЭЦЭГ, ЭХЧҮҮД Ч СУРАГЧДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ НЬ БИЙ”
Үе тэнгийнхний хүчирхийлэл, дээрэлхэлтийн талаар нийслэлийн ерөнхий боловсролын 143 дугаар сургуулийн сэтгэл зүйч “Энэ асуудал багасах биш, сүүлийн жилүүдэд улам ихэссэн гэх судалгаа бий. Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, ялангуяа үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлт нь сурлагын амжилт, хүүхдийн сэтгэцийн болон биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс үүнийг таслан зогсоохын тулд багш, гэр бүлийн гишүүд, сурагч хамтран ажиллах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх журмыг сургууль бүр боловсруулж гаргасан байх шаардлагатай” хэмээн дурдлаа.
Тэгвэл “Өнөр бүл” хүүхдийн төвийн сэтгэл зүйч Л.Отгонлхам “Манай төвийн хүүхдүүдийг анги, хамт олон нь ялгаварлан гадуурхах тохиолдол ажиглагддаг. Тийм болохоор бид энэ онд сэтгэл зүйн үйлчилгээг сурагчид, багш нарт хүргэхэд анхаарахаар төлөвлөсөн. Асрамжийн төвийн хүүхдүүд бусдад дээрэлхүүлэх ёсгүйг олон нийтэд ойлгуулах зорилготой. Зарим хүүхэд “Манай ангийнхан намайг шоолоод байна”, “Багш намайг ер тоодоггүй” гэх зэргээр гомдонгуй ярьдаг. Ялангуяа нэг ангид асрамжийн төвийн 2-3 хүүхэд суралцахад багш, эцэг, эхчүүд хүртэл хүлээн зөвшөөрөхгүй, ялгаварлан гадуурхах нь бий. Тэд “Танай ангид асрамжийн газрын хүүхэд байдаг гэл үү” хэмээн хүүхдээсээ асууж байгаад ялгаж харилцдаг юм билээ. Тиймээс ангид нь очиж, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэнгээ сурагчдад нэгнээ хүндлэн, зөв харилцах, хойшид гадуурхаж, ялгаварландээрэлхэжболохгүйгтайлбарлаж, ойлгуулах юм. Ялангуяа асрамжийн газрын хүүхдүүдийн сэтгэл зүй жижиг зүйлээс ч гэмтдэг. Сургууль бол сурагчдын аюулгүй орчин байх ёстой. Хүүхэд ихэнх цагаа өнгөрөөдөг, хүмүүжил төлөвшил, ертөнцийг үзэх үзлээ олж авдаг газар нь сургууль тул анги удирдсан багш нар хандлагаа өөрчлөх нь хамгийн чухал” хэмээн өгүүлэв.
Нийслэлийн нэгэн сургуулийн ахлах ангийн сурагч хүүхдийн эрх сургуулийн орчинд хэрхэн зөрчигдөж буй талаарх үзэл бодлоо бидэнтэй хуваалцав. Тэрбээр “Би одоо есдүгээр ангид сурдаг. Манай сургуулийн 6-8 дугаар ангийн хүүхдүүд үе тэнгийнхнээ илүү дээрэлхдэг нь анзаарагддаг юм. Тухайлбал, доод ангийн дүү нараа шоглож, мөнгө нэхэн, дуртай юмаа авхуулах, нэхсэн зүйлийг нь өгөхгүй бол зодож, гар хүрэх зэрэг тохиолдол мэр сэр гардаг. Мөн нэгэн багш сурагчидтай амьдралын боломж, гадаад үзэмжээр нь илт ялгаварлан харьцахыг нь анзаарч, “Багш хүн ийм байж болно гэж үү” хэмээн бодсон, гайхсан. Багш тэр хүүхдийг шалтгаангүйгээр ангийнхны дунд байнга загнадаг. Үүнээс гадна зарим ангийн охид бусад хүүхдийг дээрэлхэж, доромжлон, гадаад төрхөөр нь хочилж, олны дунд ичээдэг гэж сонссон” гэж ярилаа.
Дээр өгүүлсэн хүмүүсийн яриа нь сурагчдын хоёр дахь гэр болсон сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөөр буйг харуулж байна. Үүнийг батлах үйлдэл хувийн сургуулиудад ч байдгийг ярих эцэг, эх олон. Өнгөрсөн намар дуучин М.Нарантуяа “Орчлон” сургуулийн сурагчид нэгнээ ялгаварлан гадуурхдаг, хэл амаар доромжилдог, улмаар зодолдсон тухай мэдээллийг олонд дэлгэсэн нь үе тэнгийнхний дээрэлхэлтийн нэгэн жишээ байв. Түүнээс гадна нэгэн ээж “Хүүхдүүд минь гэр хорооллын захын сургуульд суралцдаг. Нэг өдөр хүүг минь ангийнх нь хэдэн охин заамдаад, элдвээр хэлж, өшиглөж байхыг гудамжаар явж байгаад санаандгүй харсан юм. Би хүүгээ тэднээс салгаж, сургууль руу нь орж, ангийн багш, нийгмийн ажилтантай нь уулзсан. Дараа нь эцэг, эхийн хурал болоход үүний талаар бусад аав, ээжид хэлэн, хүүхдээ зөв хүмүүжүүлээрэй гэж зөвлөсөн. Хүүхдүүд дээрэлхүүлж байгаагаа аав, ээжээсээ нуудаг. Энэ нь үе тэнгийнхний дээрэлхэлт сургуулийн орчинд газар авахад нөлөөлдөг байх. Дээрх асуудлаас хойш би хүүхдээ бусдад дээрэлхүүлж, доромжлуулж байгаа, эсэхийг нь сайтар анзаардаг болсон доо” гэв.
Хүчирхийлэл нь тухайн хүүхдийн гэр бүл, өсөж, хүмүүжсэн орчин нөхцөл, найз нөхдийн хүрээллийн нөлөөгөөр бий болдог. Өөрөөр хэлбэл, эцэг, эх ч бас буруутайг гэр бүл судлаачдын судалгаанаас харж болох юм. Эцэг, эхчүүдийн олонх нь хүүхдэдээ “Хичээл хий, сайн сур, боловсрол, мэдлэгтэй бол гэсэн шаардлага тавьдаг хэрнээ бусдыг хүндлэх, үе тэнгийнхэнтэйгээ хэрхэн харилцах, асуудлыг хүчирхийллээр бус, эвээр шийдвэрлэх арга замыг хэлж, зөвлөдөггүй нь учир дутагдалтай. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд сэтгэлээр унаж, хичээлдээ явах хүсэлгүй болж, гадуур сэлгүүцэх нь ихсэн, эрсдэлтэй алхам хийхэд хүрдгийг сэтгэл зүйчид сануулсаар байна.
ҮЕИЙНХЭЭ НӨХДӨД ДЭЭРЭЛХҮҮЛСЭН ГОМДОЛ НАСАН ТУРШИД НЬ МАРТАГДАХГҮЙ
Б.ЖАВЗАНХҮҮ (Гэр бүл судлаач, доктор):
-Гэр бүлийн тогтворгүй амьдрал, хүчирхийлэл хүүхдүүдийн сэтгэл зүйд хүнд тусдаг. Эцэг, эх, үеийнхээ нөхдөд гадуурхагдаж, дээрэлхүүлсэн гомдол насан туршид нь мартагдахгүй. Өнөөгийн нийгэмд эцэг, эхчүүд үр хүүхдээ анхаарч, харьцах цаг, зав гаргахгүй байна. Өөрөө төлөвшөөгүй байж хүүхдээсээ зөв хүмүүжихийг шаарддаг эцэг, эхчүүд бий. Зэмлэж, зодохоор сайн хүн болж хүмүүждэг гэх буруу хандлагаа тэд өөрчлөх хэрэгтэй. Хандлагаа өөрчлөөгүй цагт хүүхдээс зөв хүмүүжиж, хөгжихийг шаардах эрхгүй. Хүүхдийнхээ хажууд зүй бус үйлдэл гаргах нь тэдэнд “Би ер нь хэн юм бэ. Яах гэж энд байгаа юм. Энэ гэрээс хэрхэн дайжиж холдох вэ” гэсэн бодол төрүүлдэг. Үүнээс үүдэж хүүхэд амиа хорлох ч эрсдэлтэй. Асуудлыг тайван, ухаалгаар шийддэг гэр бүлд хүүхэд зөв хүмүүждэг. Хэрүүл маргаан өрнөдөг гэр бүлд хүүхэд хүчирхийллээр бүхнийг шийднэ гэсэн ойлголттой болно. Тиймээс ямар ч их ажилтай, завгүй байсан хүүхдэдээ тавих анхаарал, халамжаа хөсөрдүүлж болохгүй.
ӨСВӨР НАСНЫХАН ТУЛГАМДСАН АСУУДЛАА НАЙЗУУДТАЙГАА ХУВААЛЦАХ СОНИРХОЛТОЙ БАЙДАГ
Ж.БАЯСГАЛАН (Гэр бүл судлаач):
-Гэр бүл судлаачид хүүхдүүдтэй уулзаж ярилцдаг. Эцэг, эхчүүдийн санааг зовоодог асуудал бол хүүхдийн шилжилтийн нас. Тэд өсвөр насны хүүхэдтэйгээ харилцах арга зүйгээ олдоггүй, сэтгэл зүй нь ямар байдгийг мэддэггүй, зан чанар нь хэрхэн өөрчлөгдсөнийг ч анзаардаггүй. Хүүхдийнхээ хүсэж байгаа зүйлийг дэмждэггүй, үгийг нь сонсдоггүй. Зөвлөхөөс илүү загнаж зэмлэдэг. Хүүхдийн хамгийн сайн зөвлөгч үеийнх нөхөд нь байдаг. Өсвөр насныхны 85 хувь нь өөрт тулгамдсан асуудлаа гэрийнхэнтэйгээ бус, үе тэнгийнхэнтэйгээ хуваалцах сонирхолтой байна. Учир нь үеийнх нь хүүхдүүд үгийг нь сонсож, байгаагаар нь хүлээн авдаг болохоор ойлголцоход илүү амар. Гэсэн ч тэд гэр бүлдээ өөрийгөө ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлэхийг маш их хүсдэгийг мартаж болохгүй.
“Танай ангид асрамжийн газрын хүүхэд байдаг гэл үү” хэмээн хүүхдээсээ асууж байгаад ялгаж харилцдаг юм билээ. Тиймээс ангид нь очиж, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэнгээ сурагчдад нэгнээ хүндлэн, зөв харилцах, хойшид гадуурхаж, ялгаварлан дээрэлхэж болохгүйг тайлбарлаж, ойлгуулах юм.