Өнгөрсөн сарын сүүлчээр Монгол орны нийт нутгаар цаг агаар эрс дулаарсан, олон жилийн дунджаас дулаан өвөл тохиож буй зэргээс үүдэн гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, хангалттай хэмжээнд бэхжээгүй байгаа аж. Мөн зарим нутгаар ойрын өдрүүдэд эрс дулаарах төлөвтэй буй. Иймд зам товчлох, хугацаа хожих зорилгоор мөсөн дээгүүр зорчиж, эрсдэл үүсгэхгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхаарууллаа.
Хэнтийн нуруунаас эхтэй Ерөө голын эх, Туулын адаг, Тэрэлж, Орхон, Сэлэнгийн нийт уртын дагууд мөсний зузаан олон жилийн дунджаас 5-35 см-ээр нимгэн буй гэнэ. Хөвсгөл, Буйр, Хөх, Өгий, Тэрхийн цагаан нуурын мөсний зузаан 5-30 см ахиу байгаа ч хүн, мал, тээвэр зорчиход эрсдэлтэйг сэрэмжлүүлэв. Энэ сарын 7-нд гэхэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн нутаг, Дэлгэрмөрөн голын мөс цөмөрснөөс 59 настай иргэн осолдож, живсэн хэрэг гарсан. Баталгаатай гарц, гарам сонгоогүй тохиолдолд ийм эрсдэл хаа сайгүй гарч болзошгүй аж. Их нууруудын хотгор дахь Увс, Хяргасын мөсний зузаан хангалттай хэмжээнд бэхжээгүй, олон жилийн дунджаас нимгэн байгааг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс сануулав.
Бэлтгэсэн: Н.Мишээл