ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хороо Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбогдох асуудлаар гаргасан дүгнэлтээ танилцууллаа. Тус хороо “Сэтгүүлчийн иргэд, олон нийтэд түгээсэн мэдээ мэдээлэл, түүнд холбогдох баримтуудыг шинжлэн судлахад хуулиар нууцад хамааруулснаас бусад мэдээ мэдээллийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор төрийн байгууллага, хуулийн этгээдээс хуульд заасан аргаар олж авч, хэвлэн нийтэлсэн нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна.
Н.Өнөрцэцэгт холбогдох хувь хүний тодорхой үйлдлүүдийг шалгах явцад түүний хамаарал бүхий аж ахуйн нэгж, хуулийн этгээд болох Zarig.mn цахим сайтыг тодорхой хугацаанд хаасан нь иргэд, олон нийтийн мэдэх эрхийг хязгаарлаж, сэтгүүлчийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчжээ. Түүнийг гэм буруутай, эсэхийг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад гэмт хэрэг үйлдсэн мэтээр цахим орчинд сөрөг сэтгэгдлүүд нийтэлж буй нь ялгаварлан гадуурхалтад өртөх, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл учруулж болзошгүй байна” гэж дүгнэжээ. Тодруулбал, түүнийг хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хууль ёсны дагуу явуулсан гэж үзсэн байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг эрхээ хамгаалуулахаар гомдол ирүүлсний дагуу Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд өнгөрсөн сарын 26-нд хуралдсан бөгөөд дүгнэлтээ түүнд энэ сарын 5-нд албан ёсоор танилцуулжээ.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 22.2-т “Комисс мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахгүй” гэж заасны дагуу эл сэтгүүлчид холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ХЭҮК оролцох боломжгүй хэмээн хороо дүгнэсэн байна.