Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх нийтийн байрны орчин, нөхцөл байдлыг нийслэлийн холбогдох албаныхан шалгажээ. Шалгалтын ажлын хэсэгт 161 албан хаагч ажилласан байна. Нийслэлийн хэмжээнд нийтийн 768 байр байдаг аж. Тэдгээрийн749 нь хувь хүн, бусад нь аж ахуйн нэгжийн эзэмшилд хамаардаг гэнэ. Дүүргүүдээс Баянзүрхэд хамгийн олон буюу нийтийн 204 байр байдаг. Харин Багануур дүүрэгт хамгийн цөөн буюу хоёр байр бүртгэлтэй байгааг шалгалтын явцад тогтоожээ.
Хяналт шалгалтад бүх байрыг хамруулсан бөгөөд нийт 8046 зөрчил илрүүлсэн байна. Тэр дундаа хүний эрүүл, аюулгүй амьдрах орчны стандартыг мөрдөөгүй, гал гарах эрсдэлтэй зэрэг зөрчил түгээмэл байгааг тогтоосон аж. Уг нь нийслэлийн ИТХ-аас 2019 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам баталсан нь өдий хүртэл хүчин төгөлдөр юм байна. Гэвч бодит байдалд уг журмыг төдийлөн мөрддөггүйг шалгалтын ажлын хэсгийнхэн онцолжээ. Нөгөө талаар дээрх журмын зарим заалтыг шинэчилж, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүссэн гэв.
Бэлтгэсэн: М.Оч