АТГ төрийн болон нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтнуудын хөрөнгө оруулгын мэдүүлгийн мэдээллийг авч эхэллээ. Оны эхний өдрөөс эхэлсэн энэхүү үйл ажиллагааны хүрээнд нэгдүгээр сарын 10-нд нэрсийн жагсаалтыг шинэчлэн эцэслэн гаргах талаар мэдээллээ.
2024 оноос ХОМ-ийг авахад өөрчлөгдөж буй зүйлийн талаар АТГ-ын хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс танилцууллаа. Энд, нэг ажиглагдсан зүйл нь тухайн албан тушаалтан томилогдон ажилласнаас 1-2 жилийн дараа хөрөнгө нь нэмэгдэж өсөөгүй буюу ХОМ нь өөрчлөгдөөгүй, нэг хэвийн мэдүүлдэг ч хамаарал бүхий хүмүүс, этгээдүүдийнх нь хөрөнгө илт өссөн байдаг аж.
Хамаарал бүхий хүмүүс нь хэдийгээр Авлигын эсрэг хуулийн зүйчлэлд хамаарахгүй ч гэсэн албан тушаалтнууд тэднээр дамжуулан үндэслэлгүйгээр хөлжиж, авлига, албан тушаалын хэргээр олж авсан хөрөнгөө татан төвлөрүүлж, эргүүлж хууль ёсны болгох, татвараас зайлсхийх зэргээр хөрөнгөө янз бүрийн байдлаар нутагшуулдаг байна.
АТГ өнгөрсөн 2023 онд дээрх байдлыг цэгцэлж тогтоох үүднээс хянан шалгаж ажиллажээ. Хяналт шалгалтаар татварын гэхэд 8.5 тэрбум төгрөгийн зөрчлийг тогтоон нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн байна.
Хувийн ашиг сонирхол, хөрөнгө оруулгын мэдүүлгийг хоёрдугаар сарын 15-ны дотор гаргаж өгөх үүрэгтэй юм.
АТГ-аас аймаг, орон нутагт ажиллаж буй төрийн болон нийтийн албанд ажиллаж буй албан хаагчдыг ХОМ-ээ хугацаанд нь гаргаж өгөхийг анхааруулан сануулж байна. ХОМ-ээ хугацаанд бүртгүүлж мэдээлээгүй, эсвэл бүрэн бус, худал мэдүүлсэн, хугацаа хожимдуулж мэдүүлсэн нөхцөлд тухайн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх талаар сануулах, цалингийн хувь болон албан тушаал бууруулах, ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл хүлээлгэж, арга хэмжээг авдаг байна.