“Лантуун дохио” ТББ-аас уламжлал болгон зохион байгуулдаг“Ид шидийн уут” аяны хүрээнд “Болохсон” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн гэнэ сарын 10-14-нд олон нийтэд сонирхуулах нь. Уг үзэсгэлэнг “Лантуун дохио” ТББ болон гэрэл зургийн “Гудам фото”, “Тусгал” клуб, “Батзориг” сан, “Amygdala film” хамтран зохион байгуулах гэнэ. “Ид шидийн уут” аян нь нийгмийн эмзэг бүлгийн айл өрхүүдэд хүрч, тэдэнд аз жаргал бэлэглэхийн зэрэгцээ судалгаа хийж, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Өнгөрсөн сарын 17-24-ний амралтын өдрүүдэд уг аяныг өрнүүлсэн юм.
Нийгмийн олон талт байдлыг“Болохсон” үзэсгэлэнгээр харуулахыг тэд зорьсон гэнэ. Зохион байгуулагчид “Жил бүр хэдэн мянган хүний сайхан сэтгэлээр “Ид шидийн уут” аяныг өрнүүлдэг. Үүний хүрээнд нийгмийг олон талаас нь харах, мэдрэх, ойлгох боломжийг бид бүрдүүллээ. Тэрхэн агшинд учирсан тохиол бүр эмзэглэл. Мөн урам зориг өгөх түүхүүд байдаг. Зарим нь урагш тэмүүлж байхад унаж яваа хэсэгч бий. Хүсээд ч өөрчилж чадахгүй амьдрал байгаа. Түүнчлэн бүхий л боломжоо зөвхөн өнөөдрийн архинд өгөөд, хүүхдээ золих нэгэн ч байх. Бид туулсан, мэдэрсэн, ойлгуулахыг хүссэн бүхнээ гэрэл зургаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьсон юм. Үүнээс гадна бодитой санал, шийдэлтэйгээр таван өдрийн турш “Болохсон” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэнэ” хэмээлээ.
Үзэсгэлэнгийн нэр нь “Баавгай болохсон” киног эрхгүй санагдуулна. Уг кинонд боловсролын тэгш бус байдлыг ул суурьтай хөндсөн аж. Дээрх үзэсгэлэнд дэлгэх бүтээлүүд ч үүнтэй агуулга ижил тул “Болохсон” хэмээн нэрлэсэн байна. Энэ жил “Гудам фото” клубийн 12 зурагчин “Ид шидийн уут” аянд нэгджээ. Тэд нийгмийн асуудлыг гэрэл зургаараа хөндөж, “Тусгал” клубийн бүтээлтэй хослуулж буйгаараа онцлог гэнэ. Үзэсгэлэнгийн үеэр нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна “Дохио” аппликэйшний нээлтийг хийхээр төлөвлөж байгаа аж. Уг аппликэйшнийг “Ид шидийн уут” аяныхаа хүрээнд хийсэн, орчны аюулгүй байдлын судалгаанд үндэслэн бүтээсэн гэнэ. “Болохсон” үзэсгэлэнг “Лхам” галерейгаас үнэ төлбөргүй үзэх боломжтой.
Бэлтгэсэн: А.Үүлэн