Нийслэлийн иргэдэд үйлчлэх дараагийн ээлжийн 50 шинэ автобус БНХАУ-ын Yutong Bus компанийн үйлдвэрээс Эрээн хот руу хөдөлжээ. Эдгээр автобус нь маргааш тус хотод ирэх юм байна. Ингэснээр 600 шинэ автобуснаас 85-ыг нь нийлүүлж байна. Ирэх хоёрдугаар сард бүх автобусаа хүлээж авч дуусгахаар төлөвлөжээ.
80 хүний багтаамжтай 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авч байна. Автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллаж, гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг шалгана. Өнгөрсөн арванхоёрдугаар сард 35 автобусыг хүлээн авч төв талбай дээр иргэдэд танилцуулж, үйлчилгээнд явуулж эхэлсэн юм.