Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь энэ оны нэгдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Хавдар судлалын үндэсний төв, Авто тээврийн үндэсний төвд хүргүүлсэн зөвлөмж, Боловсролын ерөнхий газрын даргад хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдах ажилтнуудтай уулзаж, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүн, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Эрдэнэт инвест” хөрөнгө оруулалтын санд цэнхэр тасалбарын нэгж эрхтэй 8000 гишүүний бүртгэл болон холбогдох баримт бичгийг судалж, сангийн үлдэгдлийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай зөвлөмжийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүллээ.
Төрийн байгууллагуудын 2023 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг http://khutulbur.iaac.mn/ цахим системээр хүлээн авч, тайланг үнэлэх ажиллагааг эхлүүллээ. Тайлант хугацаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Архангай болон Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд үнэлгээ хийв.