-Нийслэл хотын албан татварын мөнгө хаачдаг нь тодорхойгүй-
Бид энэ онд 32 тэрбум төгрөгийг хотын албан татварт төлнө. Ийм хэмжээний мөнгөөр бид нийслэлийн үйл ажиллагааг санхүүжүүлнэ гэсэн үг юм. Гэсэн ч улаанбаатарчууд төлсөн татварынхаа хэрээр үйлчилгээ авч, эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагддаг бил үү. Харин ч хамаг эрхээ хориулж, цагдуулж, аюулгүй орчинд тааваараа амьдрах боломжоо улам л хязгаарлуулсаар байна. Үндсэндээ хотын хэмээх тодотголтой албан татвар бидний амьдралд төдийлөн нэмэр болдоггүй, үр өгөөж нь мэдэгддэггүй гэж хэлж болно. Гэтэл нийслэлийн удирдлага уг татварыг хоёр дахин нэмэх шийдвэрийг өнгөрсөн оны сүүлчээр гаргаж, энэ сарын 1-нээс мөрдүүлж эхэллээ.
ЕСӨН ЖИЛД 60 ТЭРБУМ
Хотын албан татварыг хоёр төрлийн бараа, дөрвөн үйлчилгээний орлогоос төвлөрүүлдэг. Хоёр төрлийн бараа нь бүх төрлийн архи, тамхи, дөрвөн төрлийн үйлчилгээ нь баар, ресторан, зочид буудал, авто үйлчилгээ, автомашины угаалга юм. Ийм үйлчилгээ эрхэлдэг 5953 татвар төлөгчөөр дамжуулан нийслэл хот иргэдээсээ мөнгө хураан авдаг аж. Өмнө нь дээрх бараа, үйлчилгээнүүдийн борлуулалтын орлогын нэг хувийг л төсөвт төвлөрүүлж байсан бол энэ оноос эхлэн хоёр хувиар тооцон авахаар болоод буй юм. Өөрөөр хэлбэл, та ресторанаар үйлчлүүлэх бүрдээ зарцуулсан мөнгөнийхөө хоёр хувийг хотын татварт өгнө гэсэн үг. Аяга ус авч уусан ч хотын төсөвт хувь нэмрээ оруулна. Нийслэлийн удирдлага таны аягатай хоолонд ч “гараа дүрж” байгаа хэрэг. Мөн автомашинаа угаалгах бүрдээ нийт төлсөн мөнгөнийхөө хоёр хувийг дарга нарын хийх ажилд “хандивлана”.
Хотын татвар 2015 онд “мэндэлжээ”. Тодруулбал, нийслэл хотын албан татварыг авч эхэлснээс хойш хэдийн есөн жил ард хоцорсон байна. Өнгөрсөн хугацаанд уг татвараар нийслэлийн төсөвт 60 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Цар тахлын улмаас ихэнх үйлчилгээнд хязгаарлалт тогтоосон үе буюу 2020-2021 онд төвлөрүүлсэн татварын хэмжээ өмнөх жилүүдийнхээсээ бага зэрэг буурсныг эс тооцвол нийслэлчүүд бидний төлсөн мөнгө тогтмол өсөж ирсэн аж. Тухайлбал, 2015 онд анх уг татвараар 531.1 сая төгрөг төвлөрүүлж байж. Тэгвэл өнгөрсөн жил 14.6 тэрбум төгрөгт хүрч, дээрх мөнгөн дүнгээс 27.5 дахин нэмэгдсэн байгаа юм. Түүгээр зогсохгүй энэ онд иргэдээс авах татварын хэмжээ өмнөх есөн жилийн нийт дүнгийн талаас ч илүү буюу 32 тэрбум төгрөгт хүрэхийг анхаарах хэрэгтэй.
МАН-ЫНХНЫ АЛДАГДСАН ОЙ САНАМЖ
Хотын татварыг анх бий болгох үед нийслэлийн ИТХ-д АН олонх байлаа. Тус намынхан уг татварыг санаачилж, бий болгосон гэсэн үг. Харин тухайн үед нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийнхэн эл санаачилгыг ихэд эсэргүүцэж байв. Эсэргүүцсэн гол үндэслэлээ тэд “Иргэдийн орлого, худалдан авах чадвар тааруу байхад шинэ татвар бий болгох нь буруу. Зоогийн газарт орж, аяга шөл авч уусан иргэн татвар төлөх ёсгүй” хэмээн тайлбарлаж байсан билээ.
Гэтэл өдгөө нийслэлийн ИТХ дахь МАН-ынхны байр суурь 180 градус эргэж, татварыг эсэргүүцэх нь битгий хэл, хоёр дахин нэмэхээр улайрч, улмаар санаагаа гүйцэлдүүлж чадсан нь хоржоонтой. Нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлгийнхэн уг шийдвэрийг нь эсэргүүцэж, яг тэдний өмнө нь хэлж байсан шиг “Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэдийн бодит орлого буурсан ийм үед татвар нэмэх санал оруулж ирж буйг эсэргүүцэж байна” хэмээсэн юм. Харамсалтай нь, МАН-ын бүлгийнхэн эл саналыг хүлээн авсангүй, олонхын хүчээрээ далайлган баталсан.
ТАТВАР НЭМЭХИЙГ ИРГЭД ДЭМЖСЭН ГЭНЭ ҮҮ
Хотын татварыг нэмэхдээ иргэдэд танилцуулаагүй, тайлбарлаагүй, бас түүгээр юу хийхээ ч мэдэгдээгүй. Тэгсэн атлаа төсөв хэлэлцэх үеэр гэнэт “оруулж ирсэн” нь хамгийн хачирхалтай байв. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга “Нийслэл хотын албан татварыг нэмэх талаар иргэд юу ч мэдэхгүй байна. Мэдээлэл авсан иргэд маш их эсэргүүцлээ. Өөрөөр хэлбэл, татвар нэмсэн үндэслэлийг иргэд мэдэх ёстой. Хамгийн гол нь татварын орлогыг юунд зарцуулахаа тайлбарлаж, иргэддээ ойлгуулах шаардлагатай” гэж байв.
Эргэн сануулахад, нийслэлийн ИТХ-ын өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны хуралдаанаар Улаанбаатарын 2024 оны төсвийг хэлэлцсэн. Тухайн үед хотын татварыг хоёр дахин нэмэх асуудал сөхөгдсөн юм. Улмаар ХҮН намын бүлгийнхэн үүнтэй холбоотойгоор завсарлага авч, хуралдааныг дөрөв хоногоор хойшлуулах санал гаргасан. Энэ хугацаанд нийслэлийн Засаг дарга иргэддээ татварыг яагаад нэмэх болсноо тайлбарлах ёстой гэдгийг тэд онцолж байв. Гэтэл хуралдаан даргалагч, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат “Төсөл өргөн барьсан тал холбогдох хуулийнхаа шаардлагыг биелүүлээд, иргэдээс санал авсан. Ийм учраас завсарлага өгөх боломжгүй” гэж зөрүүдэлсэн. Гэсэн ч зарим төлөөлөгч уг асуудлыг удаа дараа тавьсны үр дүнд хуралдаан даргалагч М.Халиунбат хоёр цагийн завсарлага өгсөн бөгөөд “Яг үнэндээ хоёр цагийн дотор иргэдэд танилцуулах ямар ч боломжгүй” хэмээн даапаалсан билээ.
Эрх баригч намынхан дараа нь “Иргэдэд танилцуулж, саналыг нь сонссоны дараа шийдвэрлэсэн” хэмээн мэлзсэн. Гэтэл бодит байдалд энэ талаар олон нийт мэдсэн, эсэх нь эргэлзээтэй. “Ер нь хэн гээч иргэн татвар нэмэх саналыг дэмжчихэв ээ” гэсэн маргаан, шүүмжлэл ч цахим орчинд өрнөж байлаа.
ЖУУЛЧДЫН “ХАЛААСЫГ СЭГСРЭХ” АРГА
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Хотын татвар нэмсэн нь аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээ” гэж ярьж байв. Жуулчид ирэнгүүт хотын татвараар дамжуулаад халаасыг нь “хоослоод” байя гэсэн утга Засаг даргын хэлснээс ойлгогдохгүй байна гэж үү. Нөгөө талаар нийслэл дэх худалдаа, үйлчилгээний газруудаар зөвхөн гадаадын жуулчид үйлчлүүлж, дотоодын иргэд болохоор гэрээсээ гардаггүй юм уу. Ер нь та нар элдэв үйлчилгээнд хамрагдаад ч яах юм гэсэн агуулга хотын даргын ярианд байгаа бус уу.
Түүнчлэн нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Нийслэл хотын татвар бол зөвхөн архи, согтууруулах ундаа, тамхины жижиглэнгийн худалдаа, зочид буудал, ресторан, баар, үйлчилгээний газраар үйлчлүүлж буй иргэдэд л хамааралтай. Өрхийн өдөр тутмын амьдралтай холбоотой татвар биш. Нийслэл хотын албан татвар нь архи, тамхины дам нөлөөллөөс урьдчилан сэргийлэх чиглэлтэй. Эдгээрийн хүртээмжийг үнэ тарифаар хязгаарлах зорилготой. Түүнээс биш шууд өрхийн амьжиргаанд нөлөөлөхгүй” хэмээн мэдээлсэн.
Гэсэн ч хотын татвар зөвхөн архи, тамхины худалдаанд ногддоггүй. Бас эл татвар иргэдийн өдөр тутмын амьдралтай огт холбоогүй хэмээн үзэх нь ч өрөөсгөл юм. Тухайлбал, хотын албан татварын 50 орчим хувийг нь зоогийн газрын үйлчилгээнээс бүрдүүлдэг. Завгүй, өдөр тутам ажилтай иргэдийн хувьд зоогийн газраар үйлчлүүлэх нь байнгын хэрэглээ нь гэхэд болно. Тэгэхээр эцсийн дүндээ хотын албан татварыг нэмэх нь иргэдээ ноолж, дарамтлах л арга хэмжээ гэсэн үг.
БИДНИЙ МӨНГӨӨР ХУУЧИН АВТОБУС АВЧИХ ВИЙ
Хөгжингүй улс орнуудад хотын татвар авдаг жишиг бий юм билээ. Япон, Франц, Итали, Испанийн зарим хот ийм татвартай аж. Гэхдээ манайхаас ялгаатай нь тэд иргэдийн төлсөн татварыг хотоо хөгжүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, аюулгүй байдлыг хангах зэрэгт зарцуулдаг гэнэ. Харин бидний төлсөн татвар хаашаа ч юм алга болчихдог. Жишээ нь, өнгөрсөн жил төлсөн мөнгө тань хуучин ногоон автобус “болчихсон” ч байж мэднэ. Энэ жил бидний өгөх мөнгө хэрэгжүүлэх, эсэх нь тодорхойгүй метроны зураг төсөл, ТЭЗҮ-д зарцуулагдаж ч магадгүй. Бас айлуудад зуух, цахилгаан халаагуур тараахад зориулагдаж ч мэднэ.
Ийнхүү таамаглаж буйн учир нь нийслэлийн удирдлага өнгөрсөн есөн жилийн хугацаанд төвлөрүүлсэн татвараар юу хийснээ, бидэнд ашигтай ямар зүйлд зарцуулсан талаараа ер тайлагнаж байгаагүй. Уг нь үнэхээр л хэрэгтэй зүйл хийсэн бол хотынхоо хөгжлийн төлөө хоёр хувь нэмэрлэхээс дургүйцэх иргэн байхгүй биз ээ. Харамсалтай нь, Улаанбаатарын иргэдийн амьдрал улам доройтоод, хотын өнгө бүр л халтайгаад, элдэв асуудлууд нь шийдэгдэх бус, ужгирсаар байна шүү дээ.
Нэгэнт хотын татвар авч байгаа бол түүнийгээ нийслэлийн төсөв хэмээх том “тогоо” руу оруулаад, “алга болгох” ёсгүй. Харин хотоо хөгжүүлэхэд зориулсан тусгай санд төвлөрүүлж, нийслэлд нэн шаардлагатай, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэсэн ажлуудад зарцуулбал яасан юм бэ.
Бэлтгэсэн: М.Оч