Монгол маркийн 100 жилийн ойн хүрээнд XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилд зориулсан “Луу жил” сэдэвт хоёр нэрийн маркийг гүйлгээнд нэвтрүүллээ. Тус маркт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгаас олсон лууны бүтэн дүрс бүхий Ази тивийн анхны олдвор, “Хос мөнгөн луу”, фон хэсэгт нь тухайн жилийн махбодыг дүрслэн купоны хамт, хуудсандаа 5 багц марктайгаар хэвлэжээ. Луу жил эрүүл чийрэг, хүч тэнхээ, үнэнч, цайлган сэтгэлийг илэрхийлдэг байна.
Маркийг бүтээхэд Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш МУСГЗ Ж.Гончигсүрэн, зурхай судлаач, дэд профессор С.Даваабаяр, МУШУГЗ, археологич, түүхч, доктор /PhD/, профессор Д.Эрдэнэбаатар нар мэргэжлийн зөвлөгөө өгч, холбогдох материалаар хангасан бол маркийн зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг нар ажиллажээ.
Зураач Г.Баттөр “Хүннүгийн үеийн олдвороос лууны хэлбэрийг марктаа тусгасан. Луу бол бидний өвөг дээдсийн тахиж шүтэж ирсэн гол бэлгэдэл мөн гэдгийг археологич Д.Эрдэнэбаатар хүннүгийн олдвороос илрүүлсэн. Лууг хийсвэрлэн сүүлний хэлбэрийг нь өөрчлөн урлахуйн ухааны өнгө будгийг оруулахыг хичээсэн” гэв.
Монгол маркт 1972 оны арваннэгдүгээр сарын 7-нд “Арван хоёр жил” хэлхээ, 1992 онд бичвэртэй “Арван хоёр жил” хэлхээ, цувралаар 2000 оны нэгдүгээр сарын 10-нд XVII жарны “Тийн дарагч” хэмээх төмөр луу хоёр нэр, 2012 оны нэгдүгээр сарын 1-нд “Баясгалан” хэмээх усан лууг дүрсэлсэн нэг нэрийн марк хэвлэн шуудангийн гүйлгээнд нэвтрүүлж байжээ. Энэхүү үзэсгэлэн долоо хоногийн турш Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.