Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар цас их хэмжээгээр орж, хүйтний эрч чангарч, зав даваа хаагдаж буйтай холбогдуулан Зэвсэгт хүчний 120, 326 дугаар ангийн зарим алба хаагч Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт сумдад ажиллаж байна.
Цэргийн алба хаагчид 4 нэгж техниктэйгээр 4 дэх өдрөө үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд зам даваа гүвээг нээх, малчин өрхүүдэд өвс тэжээл хүргэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд саадгүй хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх, орон нутгийн тээвэрчдэд туслах зэрэг ажлыг дээрх сумдад нугалж байна.
Орон нутгийн удирдлага, малчид тээвэрчид цэргийн алба хаагчдад талархлаа илэрхийлж, цас орсны улмаас үүссэн гамшгийн голомтыг хэвийн болтол нь үүрэг гүйцэтгэхийг захиж байсан юм.
Цэргийн алба хаагчдын нийгэмд хандсан сайн үйлс үүгээр зогсохгүй 2023 оны 11, 12 дугаар саруудад мөн өвөлжилт хүндэрсэн Төв, Булган, Өвөрхангай, Дорноговь, Увс, Хөвсгөл аймагт малчин айл өрхийг нүүлгэх, зам даваа гүвээг техникийн тусламжтайгаар нээх зэрэг ард иргэд, тээвэрчдэд бодит дэмжлэгийг тасралтгүй үзүүлсээр байгаа билээ.