Оюутнуудын автобусаар үнэгүй зорчих эрхийг хязгаарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, өмнө нь хэрэгжүүлж байсан Боловсролын тухай хуулийг шинэчлэн найруулахдаа оюутнуудыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах заалтыг хассан байна. Үүний улмаас тэд автобусаар зорчихдоо мөнгө төлөх шаардлагатай болсныг “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээлсэн юм.
Тэгвэл нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал өнгөрсөн бямба гарагт мэдээлэл хийж, оюутнуудыг энэ он дуустал автобусаар үнэгүй зорчуулна хэмээн мэдэгдэв. Тэрбээр “2024 он дуустал оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах зохицуулалтыг хэвээр үргэлжлүүлэхээр боллоо. Энэ оны төсөвт оюутнуудын нийтийн тээврийн зардалд 12.3 тэрбум төгрөг төсөвлөснийг үндэслэн уг шийдвэрийг гаргасан” хэмээсэн юм.