Урт цагааны барилгыг буулгахаар түрээслэгчдийг нь уржигдраас албадан гаргаж эхэлсэн байна. Уг барилгыг буулгах шийдвэрийг С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байхдаа 2020 онд гаргажээ. Хэдийгээртүрээслэгчидугшийдвэрийгэсэргүүцэжбайсанчбаруун талын хэсгийг нь нураагаад байв. Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар уг ажлыг үргэлжлүүлж буй аж.
Түрээслэгчдийг албадан нүүлгэхээр НОБГ, нийслэлийн Өмчийн харилцааны газрын төлөөлөл иржээ. Цагдаагийн бүрэлдэхүүн барилгыг “бүсэлсэн” байв. Барилга руу ороход эргэн тойрон ундуй сундуй, үүдэнд нь том оврын ачааны 2-3 машин зогсчихсон, түрээслэгчид ачаа бараагаа зөөж байлаа. Барилгын зүүн захын хэсэгт үйлчилгээ эрхлэгчид ачаа бараагаа зөөж байхад алт, мөнгөний дархан “Энэ хэсэг хувийн өмч учраас нураах ёсгүй. Тиймээс манайх нүүхгүй. Ер нь юу болоод буйг ойлгохгүй байна” гэсэн юм.
Дээд давхрууд нь хоосон агаад тасалгаанууд түгжээтэй. Үйлчилгээ эрхлэгчдийг өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн нүүхийг шаардсан гэнэ. Хаалганууд дээр наасан мэдэгдэх хуудсанд“22 хуулийн этгээд, гурван иргэн өнгөрсөн оны аравдугаар сарын дотор талбайг чөлөөлөөгүй байна. Тиймээс төрийн эрх бүхий байгууллагатай хамтран албадан чөлөөлөх үйл ажиллагаа явуулах болно” хэмээн бичжээ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сараас уг барилгын цахилгааныг, удалгүй дулааныг нь ч тасалсан байна. Гэнэт барилгын дулааныг тасалснаар халаалтын системүүд нь хөлдсөнийг түрээслэгчид хэллээ. Гэсэн ч тэд бууж өгөлгүй мотор, хийн плитка залгаад, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байж. Уг барилгад алт, мөнгөний дархан хийж байсан эмэгтэй “Би энд 30 орчим жил ажиллалаа. Сард 100 000 төгрөгийн түрээс төлдөг байв. Барилгыг буулгах, эсэхийг шүүхээс эцэслэн шийдээгүй байхад ийм үйлдэл гаргаж буй Х.Нямбаатар хуулиас илүү эрх мэдэлтэй юү. Цагдаа нарын хүчээр биднийг албадан гаргаж буйд гомдолтой байна” гэв. Цагдаагийн албан хаагч “Энд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд сүүлийн жилүүдэд түрээсээ төлөөгүй гэж уг барилгыг хариуцагчид нь хэлсэн” гэсэн бол түрээслэгчид “Бид 30-40 жил энд ажиллахдаа түрээсээ тухай бүрд нь өгч байсан” хэмээлээ.
Урт цагаанд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд холгүйхэн байх “Найман шарга” худалдааны төв, “Хийд-1” зэрэгт лангуу түрээслэхээр болсон юм байна. Гэсэн ч түрээсийн төлбөр нь сард 2-3 сая төгрөг учраас зарим нь ажилгүй болж, амьжиргаагаа залгуулах аргагүйд хүрсэн байна. Мөн хэд хэдээрээ нийлж, “Найман шарга” худалдааны төвд нэг жижиг тасалгааг хамтран түрээслэхээр тохиролцсон гэнэ.
Зарим түрээслэгч чарган дээр ачаагаа тавиад “Найман шарга” худалдааны төв, “Хийд- 1” рүү зөөж байлаа. Тэд “Өндөр үнээр ажлын байр түрээслэсэн ч үйлчлүүлэгчид алга. Урт цагаанд ажиллаж байхад үйлчлүүлэгч олон, орчин нь ч тухтай байсан” гэсэн юм. “Хийд-1”-т очиход худалдаа, үйлчилгээ эрхэлж буй хүн цөөн байв. Ихэнх тасалгаа “түрээслэгдсэн” гэсэн бичигтэй ч хоосон байлаа. Урт цагаанд ажиллаж байсан худалдагч “Энд ирээд долоо хонож байна. Үйлчлүүлэгч орж ирэхгүй юм. Өндөр түрээс төлсөн ч ашиг алга” гэлээ.
Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар цахим орчинд“Өнгөрсөн арваннэгдүгээр сард тухайн байршилд ажиллаж, иргэдтэй уулзсан. Ингээд нээлттэй санал асуулга авахад иргэдийн олонх нь ногоон байгууламж бий болгох нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай буюу ногоон байгууламж бий болгоно. Зураг төслийг нь хийж байгаа” хэмээн бичсэн байна. Энэ тухай “Санал асуулгад хэн оролцсон юм бэ” гэдэг асуулт, маргаан гарсан. Уг барилгад үйлчилгээ эрхэлж байсан иргэд “Үүнийг нураагаад ногоон байгууламж бий болгоно гэж байгаа ч хэдэн жилийн дараа гэхэд л өндөр барилга бариад хувийн хэвшилд шилжүүлчих вий гэхээс бид айж байна” хэмээсэн юм. Урт цагааны барилга нь 70 орчим жилийн настай билээ.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн