2022.11.18 Х.НЯМБААТАР (Хууль зүй, дотоод хэргийн сайд):
-Өнгөрсөн хугацаанд цус ойртолтын асуудлыг шийдэж чадаагүй нь том алдаа. Гэр бүлийн тухай хуулийг ирэх онд шинэчлэн баталснаар гэрлэгч хос ДНХ-ийн шинжилгээ өгөх шаардлагатай болно. Ураг садны холбоогүй гэдгээ баталсны дараа гэрлэлтээ батлуулах эрх зүйн орчин бүрдэнэ.
2023.11.09 Б.СОЛОНГОО (Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд):
-Гэрлэлт бүртгүүлэхэд харшлах шалтгааны нэг бол садан төрлийн холбоотой хүмүүс юм. Хосууд гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ДНХ-ийн шинжилгээнд хамрагдах боломжийг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан зохицуулалтуудаар нээж өгч байгаа. Хосод удам зүйн шинжилгээ хийхийн тулд гурав болон түүнээс дээш үеийн генетик өгөгдлийн сан бүрдүүлэх шаардлагатай. Иймд уг заалт (генетикийн шинжилгээнд хамруулах)-ыг 2028 оноос хэрэгжүүлэхээр тусгасан.
Хосууд ДНХ-ийн шинжилгээ өгч, төрөл садны холбоогүй гэдгээ нотолсны дараа гэрлэлтээ батлуулах заалтыг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасныг ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар 2022 оны сүүлчээр сүртэй гэгч нь зарлаж, нийгэмд дуулиан тарьж байв. Хуулийн төсөл боловсруулагчид энэхүү зохицуулалтыг “оруулж ирсэн” шалтгаанаа цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, монгол хүний удмын санг хамгаалах зорилготой гэж тайлбарласан юм. Гэр бүл, гэр бүлийн амьдрал хэмээх ойлголтыг уламжлалт, хуучны хэлбэрээр л ойлгодог, хүлээн зөвшөөрдөг, гэрлэлтийг заавал “тамгатай цаас”-аар гэрчилж баталгаажуулах ёстой гэж бат нот итгэдэг, нийгэм, соёлын харилцаа, шинжлэх ухааны талаар төдийлөн ойлголт, мэдлэггүй хүмүүс эл санаачилгыг уулгалан дэмжсэн. Тэд эрх зүйн ийм орчин бүрдүүлчих л юм бол төрөл садны холбоотой хүмүүс хоорондоо гэрлэж, оюуны хомсдол, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрүүлэхээ болино, салалт буурна гэхчлэн элдэв “онол” дэвшүүлж байлаа.
Харин шинжлэх ухаан, хүний эрхийн талаар наад захын ойлголт, баримжаатай хүмүүс, тэр дундаа генетикчид эл заалтыг бүх талаар нь үгүйсгэж, эсэргүүцсэн. Тухайлбал, МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор О.Одгэрэл үүнийг монгол хүний ёс суртахуунд харшилсан, гэрлэх, гэр бүл зохиох эрхэд халдсан, иргэдээ малаас дор үзсэн, нийгэм, соёлын хувьд ихээхэн хортой шийдвэр гэсэн юм. Шинжлэх ухаан талаасаа хэрэгжүүлэх боломжгүй, дэлхийд ийм шинжилгээний стандарт, арга зүй байхгүй гэдгийг ч хэлсэн. Гэтэл Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагчид мэргэжлийн хүмүүсийн шүүмжлэл, зөвлөгөөг тусгаж авалгүй, санаснаа гүйцэлдүүлэхээр муйхарлан зүтгэсээр өдий хүрлээ. Тэд эхэндээ “Хосууд ДНХ-ийн шинжилгээ зайлшгүй өгч байж л гэрлэлтээ батлуулна” хэмээн ярьж байсан бол өдгөө “Гэрлэгчид шаардлагатай гэж үзвэл генетикийн шинжилгээ өгөх боломжтой” гэж буй.
ДНХ-ийн шинжилгээ нь хүний эмзэг мэдээлэл, хувийн нууцад хамаардаг учир маш болгоомжтой ханддаг. Өдгөө дэлхий дахинд шүүхийн шийдвэрээр, онц шаардлагатай тохиолдолд л улс иргэнээсээ генетикийн шинжилгээ авах нийтлэг зохицуулалт үйлчилж байгаа.
ЯАГААД БОЛОХГҮЙ ВЭ
Доктор О.Одгэрэл “Байгаль, нийгмийн гүн үндэстэй, соёл, уламжлалын нандин харилцаанд шинжлэх ухааны үндэслэлгүй, захиргааны бүдүүлэг хэм хэмжээ тогтоож байгаа нь эрүүл хүний тархинд таамгаар мэс засал хийж буйтай агаар нэг. Монгол хүнд ухамсарт иргэнийх нь хувиар итгэл хүлээлгэж, гэр бүл зохиох эрхийг нь үлдээх хэрэгтэй. Хэрэв захиргааны хэм хэмжээ тогтоочихвол гэрлэлттэй холбоотой Монголын уламжлал, түүх, үнэт зүйл устаж, бүдгэрнэ” гэсэн юм. Үндсэндээ гэр бүлийг нийгмийн анхдагч нэгж, соёл, уламжлал тээгч онцгой бүлэг гэдэг үүднээс түүнд халдахыг эсэргүүцсэн. Тэгвэл энэхүү заалт нь уг үндэс, язгуураараа хүний эрх, эрх чөлөө, сонголтод харшилж буйг ч судлаачид хэлж байна. Тодруулбал, хосуудаас ямар ч хэлбэр (албадлага, сайн дураар)-ээр генетикийн шинжилгээ авах нь “Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш, сайн дурын харилцаанд үндэслэнэ” хэмээх Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөг хязгаарлана гэж үзэж байгаа юм.
Өдгөө мөрдөж буй хуулиар бол гэрлэхийг хүсэгчид оршин суугаа газрынхаа эмнэлгийн байгууллагад өнгөний болон дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, эсэхээ шинжлүүлж, эрүүл мэндийн тодорхойлолт авдаг. Энэ нь ч олон улсад хүний эрхийн зөрчилд тооцогддог, хоцрогдсон тогтолцоо гэдгийг Японы Хитоцүбаши их сургуулийн судлаач Л.Амгалан хэллээ.
ЯРВИГТАЙ АЖИЛ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх үед боловсруулагчид нь “ДНХ-ийн шинжилгээ бодитой байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар ийм шинжилгээг хүүхдийн эцэг, эхийг тогтоох зорилгоор ШШГЕГ-т авч байгаа. Төрөл садны холбоог тогтооход ДНХ-ийн шинжилгээнээс гадна мэдээллийн сангийн суурь судалгаа хэрэгтэй. Генетик өгөгдлийн сан бүрдүүлэх шаардлагатай” гэж ярьсан юм. Өөрөөр хэлбэл, генетикийн шинжилгээ хийх суурь нөхцөлийг бүрдүүлэх бэлтгэл ажлыг 2028 он хүртэл базаахаар төлөвлөснөө танилцуулсан. Гэхдээ тэд үүнийг маш амар, бараг өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төдий ажил мэтээр ярьсан.
Харин мэргэжлийн хүмүүс үүнийг тун ярвигтай, багадаа 10 гаруй жилийн хугацаа шаардахуйц, зардал төсөв өндөртэй, олон мянган хүнийг хамруулсан, харьцуулсан судалгаа, анализыг системтэйгээр хийж, стандарт боловсруулсны дараа л ярих боломжтой зүйл гэж буй юм. Цаашлаад алдаатай мэдээлэл, дүн шинжилгээнээс үүдэлтэйгээр иргэдийг төөрөлдүүлэх, хохироох, тэдний генетик, биометрик мэдээллийг алдах эрсдэл бийг ч судлаачид хөндөж байгаа. Тэгэхээр хуулийн төсөлд ийм “мэргэн” зохицуулалт тусгасан хүмүүс Монголд генетикийн шинжилгээ хийх технологийн бааз суурийг асар богино хугацаанд нутагшуулахаар төлөвлөсөн “нууц жор”-оо олон нийтэд танилцуулах хэрэгтэй. “2028 оноос шинжилгээ авч эхэлнэ” гэдгийг сонсоод судлаач, эрдэмтэд чинь “шок”-нд орчихоод байна.
АЙЛГАХ “ЗЭВСЭГ”
“Цус ойртолт үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ” гэсэн сүрдэм, эш мухаргүй мэдээлэл хэзээнээсээ нааш нийгэмд тархаж ирсэн. Хачирхалтай нь, үүнтэй холбоотой барьцтай, ил болгосон баримт, мэдээлэл үгүй. Сүүлийн жилүүдэд төр, засаг энэ асуудлыг маш нухацтайгаар хэлэлцэж, улс төрч, төрийн өндөр албан тушаалтнууд нь хүртэл цус ойртолт, удмын сангийн талаар ярих нь олширсон. Ингэж явсаар 2022 онд Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг 2022 онд баталсан. Үүнтэй холбоотойгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд генетик шинжилгээтэй холбоотой заалт тусгасан юм билээ. Энэ нь цус ойртолтоос сэргийлэх, монгол хүний удмын санг хамгаалах зорилготой гэж хууль санаачлагчид, боловсруулагчид дуу нэгтэй тодотгон тайлбарлаж байгаа ч мөн л баримт нотолгоотой, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл өгч чадалгүй өнөөдрийг хүрлээ.
Дээрх тогтоолыг батлах үндэс болсон судалгааг хийсэн доктор Э.Энхмаа “Монголчуудын бараг 98 хувь нь цус ойртсон” гэж дүгнэсэн ч мэргэжил нэгтнүүддээ судалгааны арга зүй, үр дүнгээ тайлагнаж чадаагүй юм билээ. Харин мэргэжлийн түвшинд, бүс нутаг, олон улсын хэмжээнд харьцуулсан судалгаа хийдэг МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийнхон манай улсад цус ойртолт аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрээгүй, тийм байдалд хэзээ ч очихгүй гэж мэдээлсэн. Генетикийн шинжилгээнд үндэслэж гэрлэх зөвшөөрөл олгох санаачилга гаргасан хүмүүс юуны түрүүнд Монгол Улсад цус ойртолт ямар хэмжээнд байгааг баримт, үндэслэлтэйгээр мэдээлээсэй.
МУУ ТОДОТГОЛООР ЦОЛГОРОХ УУ
Нацист Герман 1935 онд Үндэсний удмын ариун цэврийг хамгаалах хууль баталж, гэр бүл болж буй хүмүүсээс “цэвэр” үндэстэн гэдгийг нь батлах шинжилгээ авч байсан юм билээ. Тэгвэл үүнээс хойш ийм гажууд, хүний эрхэд харшилсан гэмээр хууль хэрэгжүүлсэн улс дахин гараагүй аж. Харин бид хоёр дахь нь болох уу, үгүй юү гэдэг сонголтод тулаад байна.
ДНХ-ийн шинжилгээ нь хүний эмзэг мэдээлэл, хувийн нууцад хамаардаг учир маш болгоомжтой ханддаг. Өдгөө дэлхий дахинд шүүхийн шийдвэрээр, онц шаардлагатай тохиолдолд л улс иргэнээсээ генетикийн шинжилгээ авах нийтлэг зохицуулалт үйлчилж байгаа. Тодорхой бүс нутгийн хэмжээнд цус ойртолт даамжирлаа гэхэд шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлэх, сэлгэх арга хэмжээ авдаг гэнэ. Үүнээс гадна Исланд зэрэг оронд үндэс угсаа, төрөл садны холбоо хамаарлаа хэрэглэгч өөрөө бүртгэн хөтлөх боломжтой болзооны аппликэйшнүүдийг хэрэглээнд нэвтрүүлсэн нь олон улсад сайн жишиг болдог аж. Гэрлэлтийг бүртгэж, гэрлэгч хосод хатуу хууль, бодлого тулгаж цус ойртолтоос сэргийлдэггүй юм байна.
Хэрэв бид энэ гажууд шийдвэрээ эргэж харахгүй бол дэлхийд бас нэг муу тодотголоор цолгорох нь. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүүхдийн эрхийг хамгаалах, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх олон дэвшилт зохицуулалт тусгасныг судлаач, мэргэжилтнүүд хөндөж буй. Гэхдээ генетикийн шинжилгээтэй холбоотой зохицуулалтад ул суурьтай хандахгүй аваас хэчнээн сайн зүйл заалтууд оруулж ирээд ч нэмэргүй. Гэр бүлийн харилцааг бөхөлнө, цус ойртохоос сэргийлнэ гээд хүний эрх, эрх чөлөөнд халдаж боломгүй.