Цас их орсноос шалтгаалан нийслэлийн гудамж, талбай, явган хүний зам нэлэнхүйдээ халтиргаатай боллоо. ТҮК болон холбогдох байгууллагын ажилчид цас цэвэрлэхэд хүндрэлтэй, хүрзээр цохиод ч дийлэхгүй, цас, мөс нь барьцалдаад салахгүй байгаа талаар дурдсан. Мөн иргэд цахим орчинд “Цацсан бодис давс мөн үү, эсвэл тос уу. Өвлийн дугуйтай ч халтираад явахгүй байна. Үүнийгээ шалгаж янзлаач ээ”, “Давс байхгүй болохоор өөр бодис цацсан юм биш үү” хэмээн шүүмжилж байлаа. Түүнчлэн явган зорчигчид “Хотын замд гутал, хувцас тэсэхгүй нь. Гэртээ очоод гутлаа хурдан арчихгүй бол замд цацсан бодист түлэгдчихээд байна”, “Элгэн гутал хоншоор өсгийгөөрөө цайрчихаад арилахгүй юм” хэмээн шүүмжлэх болсон.
Эл нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс зарим зүйл тодрууллаа. Тэрбээр “Зам дээрх цасыг хайлуулахын тулд давс, бодис цацаж байгаа. Эхлээд бодис цацаад, дараа нь давс асгадаг. Энэ нь БНХАУ болон ОХУ-аас оруулж ирсэн, цас хайлуулах хоёр төрлийн бодис юм. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад замын халтиргаа ихэссэн. Учир нь хэт хүйтэрсний улмаас цацсан давс, бодис хайлахгүй байна. Өдөртөө бага зэрэг хайлаад, шөнө нь хөлдчихөөд байгаа. Түүнээс шалтгаалаад гулгаа улам ихсээд буй. Үүнээс гадна гэр хорооллын өгсүүр зам, өндөрлөг газруудад дайрга цацаж байна. Одоогоор давсны нөөц хангалттай” гэлээ.