Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид тусгай хамгаалалттай газрын А бүсэд зэрлэг уулын туруутан амьтдад зориулан эхний ээлжид зургаан цэгт 60 боодол буюу 1.5 тонн өвсийг тараан байршууллаа. Их нартын байгалийн нөөц газар нь Дорноговь аймгийн Даланжаргалан сум Айраг сумдын нутгийн дамжин оршдог. Тус газрыг аргалийн тогтвортой өсөж, үржих нөхцөлийг хангах зорилгоор УИХ-ын 1996 оны 47 дугаар тогтоолоор “байгалийн нөөц газар”-ын ангилалд оруулж, тусгай хамгаалалтад авчээ.
Их нартын чулуу нь говь, хээрийн ландшафтын олон хэв шинжийг өөртөө агуулсан, аргаль, янгир зэрэг ховор зүйлийн амьтад амьдардаг өвөрмөц тогтоц бүхий газар юм. Мөн хар сүүлт, цагаан зээр элбэг амьдардаг. Хотны бүгээхэй, зээрд шонхор тохиолдоно. Идлэг шонхор, начин шонхор, сохор элээ, шилийн сар, цармын болон талын бүргэд зэрэг махчин шувуу, ялангуяа нөмрөг тас олноор үүрлэнэ. Махчин амьтдаас саарал чоно, шилүүс, мануул, шар үнэг, хярс, халздай дорго, өмхий үен байдаг. Жижиг хөхтнөөс дэлдэн зараа, дагуурын зараа, атаахай, чичүүл, алагдаахай, үхэр огдой, боролзон туулай, хээрийн болон хадны барагчин, хэдэн зүйлийн гар далавчтан элбэг. Хөхтөн амьтан, хэвлээр явагчдын 40 гаруй зүйл, 120 гаруй зүйлийн жигүүртэн шувуу энд амьдарч буйг судлаачид тогтоосон байдаг.