Хананд биш түүхэнд нэрээ үлдээх асар том амбицтай гарч ирсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүч улам бүр суларсаар. Олон нийтийн алга ташилт, асар их дэмжлэгтэйгээр Ерөнхий сайд, дараа нь Ерөнхийлөгч болсон түүний нэмэх оноо хасагдаж, эсрэгээрээ хасах оноо нь улам бүр нэмэгдсээр. Бүдэрсэн дээрээ бүдэрнэ гэгчээр уруудсан дээрээ уруудаж яваа У.Хүрэлсүхийн нам болон парламент доторх нөлөө багасаж байгаа тул тун удахгүй байгуулагдах шинэ парламентад яаж ийм байгаад өөрийн хүмүүсийг “шургуулах” хүсэл түүнд асар их бий. Иймд төрсөн дүү У.Отгонбаяраас эхлээд өөрийн итгэлт шадар зөвлөх, туслахуудаа УИХ-ын сонгуульд сойж байна. Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаалтай У.Отгонбаяр Бүсчилсэн хөгжлийн хэлэлцүүлэгт оролцож, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын сумдаар тойргоо услаад явж байна. Төрсөн дүүгээс нь эхлээд хамгийн итгэлтэй зөвлөхүүд нь ч сонгуульд горилж, Ерөнхийлөгчийн Тамгын газар эзгүйрэхэд хүрчээ. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тойргийн 9-д нь, заримд нь бүр хоёр ч хүнийг нэр дэвшүүлж байгаа юм.
Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр
Тэрбээр Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нарын хамгийн бийлэг эрхмүүдийн тойрогт буюу говийн бүсийн тойрогт нэр дэвшихээр болжээ. Үүнийгээ ч батлах мэт саяхан Өмнөговь аймгийг бүтэн тойроод ирсэн байна. Ингэхдээ том том уурхайн компаниудаар зочилж, өөрийгөө нэр дэвшихийг “зарласан” сурагтай. Үүнийхээ хүрээнд Даланзадгад суманд ажиллаж, “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг эхлүүлсэн байна.
Хөдөө аж ажуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан
У.Хүрэлсүхийн үед танхимд нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж, улмаар Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн танхимд мөн гишүүнээр суусан нэгэн. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ажлаа өгсөн сайд нарын нэг болох З.Мэндсайхан эдүгээ Ерөнхийлөгчийн албан ёсны статустай найман зөвлөхийн нэгээр томилогдсон.
Өдгөө Говь-Алтай, Ховд, Увс аймагт нэр дэвшихээр горилж буй тул иргэдтэй хийх уулзалтаа эхлүүлээд байгаа юм. Сайд байхдаа Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг хариуцсан. Өдгөө мөн л чухал хөтөлбөрийн нэг “Цагаан алт”-ыг малчдад сурталчлан таниулах ажлыг хийж явна.
Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр
ЖДҮ-гийн асуудал нь сөхөгдөж 2020 оны сонгуульд нэр дэвших эрхгүй болсон ч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг удирдсан тэрбээр нэр дэвшихээр найзаасаа тойрог авч, ҮАБЗ-ийн нарийг бичгийн даргын албан тушаалаа оноос өмнө өгчихсөн. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болсны дараа эл албан тушаалд томилогдож байсан, дотны найз нь. Өдгөө Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхийн статусаас Төвийн бүс буюу Сэлэнгэ, Дархан, Төв аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй.
2020 оны УИХ-ын сонгуульд ЖДҮХС-гийн зээлийн асуудлаас үүдэж хариуцлагаа хүлээн өнжсөн. Гэвч авсан зээлээрээ фермерийн аж ахуй эрхэлсэн хэвээр гэдгээ олон нийтэд нээлттэй хэлдэг. Өмнө нь 2008, 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд сонгогдож, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд хийж байв.
Эрүүл мэндийн зөвлөх Т.Мөнхсайхан
У.Хүрэлсүхийн танхимд Эрүүл мэндийн сайдаар нь ажиллаж байгаад хамт огцорсон. Түүнийг УИХ-ын гишүүн болох тохироотойгоор сайдын албаа өгсөн гэж яригдаж байлаа. Өдгөө Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөхөөр ажилладаг Т.Мөнхсайхан Хан-уул дүүрэгт нэр дэвшихээр идэвхийлэн ажиллаж буй.
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр. АН-ын угшилтай ч, өдгөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг түших болсон. 2012 онд Ардчилсан намаас Өвөрхангай аймагт нэр дэвшихээр яригдаж байсан, АН-ын үед МҮОНРТ-ийн захирлаар ажиллаж байсан хувьдаа телевиз, вэб сайттай.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр
Салбарт нь асуудлууд ар араасаа цуварч, аав ээжийн алаг үрс цэрэгт амиа алдсаар байхад өөрт нь толбо ч наалдаагүй хүн бол Г.Сайханбаяр. Харин ч энэ асуудлууд хөвөрсөөр байхад Архангай аймгийг усалсаар байсан ч нэр дэвших мандатаа аль эрт авсаных биз.