“Ойн хайгуул” ХХК-ийнхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 онд Богдхан уулын Шанаган модны аманд навчит болон шилмүүст 26 400 мод тарьжээ. Эл төслийг БОАЖЯ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо санаачилж, захиалагчаар “Өсөх зоос”, гүйцэтгэгчээр дээрх компани ажилласан юм байна.
Шанаган модны аманд тарьсан моднуудын дунд улиас цөөнгүй байсан нь мэргэжлийн хүмүүсийн анхааралд өртөж, шүүмжлэл дагуулж эхлэв. Богдхан ууланд улиас, улиангар огт ургадаггүй, ойн санд нь хуш, нарс, гацуур зонхилдог гэнэ. Ийм атал олон тоооны улиас тарьсан нь ойн санд учруулах хожмын үр нөлөөг тооцоогүй, судалгаа шинжилгээнд үндэслээгүй хуумгай ажил болсон гэж дүгнэв. Улиас арчилгаа багатай, хурдан ургадаг учир биеийн амрыг бодож ийм сонголт хийсэн гэж буруутгах хүн ч байна. Энэ төрлийн мод хөрсний бохирдлыг бууруулахад чухал үүрэгтэй учир хотын төвд тарихад тохиромжтой гэж үзэх хүн байхад зарим нь унгирлаа дийлдэггүй Улаанбаатарт улиас хэрэггүй хэмээн байр сууриа илэрхийлжээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагууд Богдхан ууланд сүүлийн үед олон тооны мод тарьж байгаа. Иймд тарих модоо сонгохдоо судалгаатай, ул суурьтай хандахыг мод үржүүлэгчид зөвлөлөө.