Барилгын компаниуд хөрсний усыг зөвшөөрөлгүй, хяналтгүй шавхан зайлуулж, байгальд их хэмжээний хохирол учруулдаг явдал сүүлийн үед гаарсныг Усны газрын дарга З.Батбаяр өчигдөр мэдээллээ. Хотын төвд барилга барьж буй “Хурд пропертийз” компани сүүлийн хоёр жил орчмын хугацаанд их хэмжээний хөрсний усыг борооны ус зайлуулах шугам хоолойгоор урсган хаяж, байгалийн нөөцийг үнэгүйдүүлснийг энэ үеэр олон нийтэд зарласан юм.
Тэрбээр “Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уулзвар орчимд, өмнө нь Худалдаа, хөгжлийн банк байсан газарт шинэ барилга барьж байгаа “Хурд пропертийз”, түүний туслан гүйцэтгэгч “Ривер стоун пропертийз” компани 2022 нэгдүгээр сарын 1-нээс хойш хөрсний усыг хууль бусаар шавхаж буй. Тус компани нийт 28 давхар барилга барихаар 2017 онд анх архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулсан юм билээ. Улмаар өнгөрсөн оны зургаадугаар сарын 19-нд “Геодез, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын шугам хоолойг ашиглан гурван сарын хугацаанд хөрсний усыг шавхахаар 21 сая төгрөгийн төлбөр төлж, тус байгууллагатай гэрээ байгуулсан. 2022, 2023 оны турш ус шавхчихаад, зургаадугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 19 хүртэлх хугацаанд л ийм ажиллагаа явуулсан мэтээр гэрээ байгуулсан.
Тухайн барилгын компани энэ гэрээнд долоон хийн шахуурга (насос)-аар ус шавхана гэж дурдсан. Гэтэл газар дээр нь очиход 22 хийн шахуурга ашиглаж байна. Секундэд дөрвөн литр ус шавхах хүчин чадалтай ийм тооны шахуургыг хоёр жилийн хугацаанд тасралтгүй ажиллуулсан гэж үзвэл энэ компанийн зайлуулсан усны хэмжээ багаар бодоход 5.7 сая шоо метр болно. Монголчууд жилд дунджаар 645 сая шоо метр ус ашигладаг атал ганц компани 20-30 давхар барилга барихын тулд үүний нэг хувьтай тэнцэхүйц нөөцийг ямар ч хяналт, ашиглалтгүйгээр урсгаж байна.
Хэрэв тус компани зохих ёсны зөвшөөрлөө аваад, дүгнэлтээ гаргуулаад үйл ажиллагаа явуулсан бол Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу усны төлбөрт 5.6 тэрбум төгрөг төлөх ёстой. Дүгнэлт гаргуулаагүй, шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлээгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн учир өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй аргачлалын дагуу хохирол тооцох үндэслэлтэй. Одоогоор тус компаниас 146 тэрбум төгрөг нэхэмжлэх тооцоо гаргаад байна. Усны төлбөр гэдэг бол албан татвартай ижил зүйл. Тиймээс үүнийг татвараас санаатайгаар зайлсхийсэн хэрэг гэж үзэх үндэстэй” гэв.
“Хурд пропертийз” нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн үүсгэн байгуулсан “Хурд групп”-ийн хамаарал бүхий компани юм байна. Туул голын сав газрын захиргаа, Усны газар зэрэг холбогдох байгууллагынхан тус компанид нэг бус удаа шаардлага хүргүүлсэн ч хариу өгч байгаагүй гэнэ. Мөн Усны газраас эл асуудлаар прокурорын байгууллагад хандаад ч тусыг олоогүй аж. Иймд арга буюу олон нийтэд ил тод мэдээлж буйгаа учирлалаа. Хэрэв эл компани ойрын хугацаанд баримт нотолгоо, няцаалт бүхий хариу тайлбарыг Усны газарт ирүүлэхгүй аваас усны нөөцөд хохирол тооцох аргачлалын дагуу 146 тэрбум төгрөг нэхэмжилж, холбогдох байгууллагуудад хандахаа дээрх албан тушаалтан хэлэв.
Хөрсний ус шавхахыг ус ашиглалтын нэг хэлбэр гэж үзэн, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу төлбөр ногдуулдаг тогтолцоо өнгөрсөн жилүүдэд эзэнгүй, хяналтгүй, “үхмэл” байж. Энэ нь барилгын компаниудад дураараа дургих боломж олгож ирсэн байна. Өдгөө зарим аж ахуйн нэгж энэ ажилдаа шинэ технологи нутагшуулж, хөрсний усны хэмжээ тодорхой түвшинд хүрэнгүүт автоматаар шахдаг төхөөрөмж ашиглаад эхэлжээ. Ийм төхөөрөмж ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдээс ус ашигласны төлбөр тогтмол авах үндэслэлтэйг ч мэргэжилтнүүд хэлэв.
Энэ төрлийн зөрчлийг таслан зогсоохгүй бол усны нөөцөд аюул учруулаад зогсохгүй хүрээлэн буй орчны экосистем, цаашлаад нийслэлчүүдийн амь, эд хөрөнгөд үлэмж хэмжээний хор хохиролтой. Яг одоогийн байдлаар Сэлбэ голд халиа үүсэж, юу юугүй аюул дагуулахад бэлэн болоод буй. Мэргэжилтнүүд тус голд сүүлийн 30 жилд ийм үзэгдэл болоогүйг онцолсон. Хүйтний эрч суларч, өнгөрсөн сарын сүүлчээр тохиосон шиг хэт дулаан өдрүүд үргэлжилбэл нийслэлийн хэд хэдэн байршил үерт автаж, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэйг холбогдох байгууллагаас анхааруулсан.
Үүний цаад шалтгаан нь ч барилгын компаниудын хууль бус үйл ажиллагаатай тодорхой хэмжээгээр холбоотой. Тодруулбал, Сэлбэ голын түвшин ийнхүү огцом нэмэгдэхэд өнгөрсөн зуны үерээс гадна барилгын компаниуд хөрсний усыг зөвшөөрөлгүй нийлүүлсэн нь нөлөөлсөн гэж Усны газрынхан дүгнэсэн юм. Хэрэв үер бууж, иргэд, аж ахуйн нэгжүүд хохирсон тохиолдолд ийм зөрчил гаргасан компаниудад ч хариуцлага тооцох үндэслэлтэй гэсэн. Тэгэхээр гүний нөөцөд халдаж, их хэмжээний ус дэмий урсгасан “Хурд пропертийз” компанийг ч нийслэлчүүдийг эрсдэлд оруулсан буруутнуудын нэг хэмээн үзэж, давхар хариуцлага тооцож болох нь.