Улсын хэмжээнд 20 аймгийн 166 сумд өвөлжилт хүндэрчээ. Газар нутгийн хэмжээгээр нь авч үзвэл манай орны 90 орчим хувь нь зудын эрсдэлтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тэр дундаа долоон аймгийн 15 сумд төмөр буюу шилэн зуд нүүрлэсэн байна. Төмөр зуд гэдэг нь намар орой орсон цас дутуу хайлж, мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болох аж. Үүний улмаас малын хөлийн арьс зулгарч, өвөлжөө, бууц хөлдөх зэрэг асуудал тулгардаг байна. Түүнчлэн 17 аймгийн 81 сум цагаан зудтай байгааг дээрх байгууллагаас мэдээлэв. Цас их орж, зузаан цасан бүрхүүл тогтсоны улмаас цагаан зуд нүүрлэдэг. Цаашид цас нэмэгдэн орвол 16 аймгийн 66 сум цагаан зудад өртөх эрсдэл өндөр юм байна. Эдгээрээс гадна хоёр аймгийн дөрвөн сум харын зудад өртжээ. Цас харьцангуй бага орж, зундаа гантай байсны улмаас мал идэш, усгүй болсны улмаас харын зуд нүүрлэдэг аж. Говь-Алтай аймгийн Чандмань, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Сэврэй сумын нутаг ийм зудад өртжээ.
Энэ сарын 3-4-нд шилжих шөнө ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч өмнөх өдрүүдийнхээс бага зэрэг чангарчээ. Үүний улмаас Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсэгт цасан бүрхүүлийн зузаан нэмэгдсэн гэнэ. Өчигдрийн байдлаар Увс аймгийн Малчин сумд 37, Хяргаст 35, Давстад 31 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтсон нь одоогоор дээд үзүүлэлт аж. Өвөлжилтийн нөхцөл байдал ийнхүү хүндэрсэнтэй холбоотойгоор УОК-ын Шуурхай штабынхан 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийсэн бөгөөд зудын эрсдэлийг даван туулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулахаар шийдвэрлэсэн гэнэ.
Улаанбаатар хотын тухайд энэ сарын 3-4-нд шилжих шөнө хоёр мм тунадас орж, цасны зузаан гурван см-ээр нэмэгджээ. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэр 16-19 см зузаан цасан бүрхүүлтэй болсныг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Цас орсонтой холбоотойгоор “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ болон дүүргүүдийн зам цэвэрлэгээний байгууллагуудын 500 орчим үйлчлэгч 94 машин техниктэйгээр өчигдөр 04.00 цагаас хотын гудамж, талбайг цэвэрлэж эхэлжээ. Ингэхдээ Гүнт, Айцын даваа зэрэг өгсүүр замыг түр хугацаанд хааж, цас, мөсийг нь цэвэрлэсний дараа хөдөлгөөнийг нь нээсэн гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч