Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ авах гэсэн жолооч нар техникийн хяналтын үзлэг, оношилгооны төвүүдэд өчигдрөөс урт дараалал үүсгэж эхэллээ. Тэд цахим орчинд “Оношилгооны төвд дөрвөн цаг дугаарлаж, ажлаа алдлаа”, “Холбогдох мэргэжилтнүүд нь зохион байгуулалт муутай байна”, “Иргэдэд тодорхой мэдээлэл өгөөгүй” гэх зэргээр бухимдлаа илэрхийлсэн. Иргэд ийнхүү дугаарласан шалтгаан нь цахим гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэнтэй холбоотой аж. Мөн энэ сарын 8-наас гэрчилгээг төлбөртэй олгоно гэснээс ч шалтгаалсныг дугаарласан жолооч нарын төлөөлөл хэлж байлаа.
Түүнчлэн нийслэлийн ЗДТГ-аас энэ талаар өчигдөр олон нийтэд мэдээлэл өгсөн. Нийслэлийн Засаг даргын төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг “Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж буй. Тиймээс бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суурилуулахаар төлөвлөсөн. Үүний дараа цахим гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Өнгөрсөн онд уг гэрчилгээг олгохтой холбоотой сургалтад 100 гаруй ажилтныг хамруулсан. Тэд гурван ээлжээр ажиллаж байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд техникийн хяналтын 16 төвд цахим гэрчилгээ олгож буй. Цахим гэрчилгээ олгох цэг цөөн байгаа нь үнэн. Эдгээрийн тоог олшруулахаар судалж байгаа. RFID буюу цахим гэрчилгээ нь ямар нэгэн төлбөр хураамжгүй. Авто тээврийн үндэсний төвийн оношилгоо, бүртгэлийн бүх цэгт олгож байгаа. Иргэд ямар нэгэн байдлаар дугаарлах шаардлагагүй. Банкны аппликэйшн ашиглан татвар, торгуулиа төлөөд, өөрт ойрхон цэгт очоод RFID гэрчилгээ наалгах боломжтой” гэв.
Цахим гэрчилгээ нь тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк, өнгө, өмчлөгчийн утасны дугаар болон оношилгоо, татвар, торгууль, даатгал гэсэн ерөнхий мэдээллийг агуулжээ. Гэрлэн дохиотой уулзвар бүхий 161 байршилд одоогоор цахим гэрчилгээ уншигч 455 төхөөрөмж байршуулсан гэнэ. Тэдгээрээр дамжуулан зөрчилтэй тээврийн хэрэгслийг илрүүлж, арга хэмжээ авах нь.