Оюутнуудын автобусаар үнэгүй зорчих эрхийг нь өчигдрөөс түр хязгаарлалаа. Өмнө нь оюутнууд сард 22 удаа үнэгүй зорчдог байв. Тэгвэл өнгөрсөн оноос оюутны автобусны картыг сард 44 удаа үнэгүй зорчих эрхтэй болгон нэмсэн юм. Гэтэл яагаад гэнэт үнэгүй зорчих эрхийг нь хязгаарлахад хүрэв гэдэг нь олон хүний гайхширлыг төрүүлэв. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Улаанбаатар смарт карт” компаниас “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс оюутны картын зорчилтыг түр түдгэлзүүлэх талаарх мэдэгдлийг манай компанид ирүүлсэн. Тиймээс тодорхой шийдвэр гаргах хүртэл нэгдүгээр сарын 4-нөөс оюутны картаар хөнгөлөлттэй зорчихыг түр зогсоолоо” хэмээн мэдэгдсэн байв.
Өмнө нь хэрэгжүүлж байсан Боловсролын тухай хуулийн 43.2.5-т “Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон журмын дагуу олгох” гэж заасан байв. Үүний дагуу оюутнууд автобусаар хөнгөлөлттэй зорчдог байсан юм. Харин уг хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн оны долоодугаар сарын сарын 7-нд батлахдаа дээрх заалтыг хасжээ. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгын дагуу энэ оноос эхлэн оюутнууд хөнгөлөлттэй зорчих боломжгүйд хүрсэн гэж “Улаанбаатар смарт карт” компанийнхан тайлбарласан юм.
Тэгвэл нийслэлийн холбогдох албаныхан “Оюутны амралт эхэлсэнтэй холбоотойгоор үнэгүй зорчих эрхийг нь түдгэлзүүлсэн. Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд зохицуулалт хийхээр ажиллаж байгаа” гэх мэдээллийг өглөө.
Ташрамд дурдахад, ихэнх их, дээд сургуулийн амралт өдгөө эхлээд буй. Харин АШУҮИС-ийнхан хичээллэсээр байгаа аж.
Бэлтгэсэн: А.Үүл