Дорноговь аймгийн Сайншанд суманд өнөөдөр зэрлэг хулан орж ирсэн талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар тус аймгий БОАЖГ-ын дарга н.Отгонбаяраас тодруулахад “Манай аймаг баруун талаасаа задгай, зэлүүд хээр газар учраас тэр талаас хулан, цагаан зээр мэтийн зэрлэг амьтад орж ирэх тохиолдол мэр сэр гардаг. Өнөөдөр орж ирсэн гурван хуланг аймгийн төвөөс баруун тийш хээр гаргасан. Зэрлэг амьтад хот хүрээнд орж ирж байгаагийн шалтгаан нь нэгдүгээрт, хоол тэжээлийн хомсдол, хоёрдугаарт, хүйтэнд нөмөр дагаж орж ирдэг. Мөн босоо тэнхлэгийн төмөр замын торыг дагаж орж ирэх нь ч бий. Иймд бид нүүдлийн амьтдын замыг чөлөөлөх үүднээс төмөр торыг нээж гарц гаргадаг. Өнгөрсөн жил ийм хоёр ч гарц гаргасан. Зарим хүн хотод орж ирсэн хулангуудад идэш тэжээл өгсөн эсэхийг асууж байсан. Бид зэрлэг амьтдад аль болох бэлэн идэш тэжээл өгдөггүй. Учир нь зэрлэг амьтдын байгалийн шалгарлыг нь үгүй хийчихдэг юм. Харин зайлшгүй шаардлагатай тохиолдолд өлсөж тураалд орсон амьтдыг аврах үүднээс идэш тэжээл тавьж өгдөг” гэв.