Булган аймаг “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудтай гэрээ, хэлцэл хийн, бэлтгэлээ базааж буй. Тэгвэл Архангай аймаг “Нэг жуулчин, нэг ямаа” хөтөлбөр хэрэгжүүлэхээр БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Тус аймаг энэ онд 100 мянган жуулчин хүлээж авах зорилт тавьсан бөгөөд орон нутгийг чиглэсэн аялагчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд ийм санаачилга гаргасан байна. Архангайнхан энэ жил нутагт нь ирсэн гадаадын жуулчин бүрд ямаа зүсэлж үрчлүүлэх, бэлэглэх “урамшуулалт” хөтөлбөр хэрэгжүүлэх нь. Энэ нь монголчуудын ахуй амьдралын онцлогийг сурталчлан таниулахаас гадна нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд чухал ач холбогдолтой гэнэ.