Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид, эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан цахим сорилын soril.eec.mn системийг Боловсролын үнэлгээний төвөөс нэвтрүүлэхээр болжээ. Уг системийг өнөөдөр 09.00 цагаас ажиллуулж эхлэх юм байна. Сурагчид үүнийг ашигласнаар 2023-2024 оны хичээлийн жилийн эхний хоёр улиралд үзсэн хичээлийн мэдлэг, чадварын түвшнээ тогтоох боломжтой. Түүнчлэн суралцагчид цахим сорилд хамрагдах үед эцэг, эх, асран хамгаалагчид нь хяналт тавьж, хамтран оролцохыг дээрх төвийнхөн зөвлөжээ. Цахим системд одоогоор монгол хэл, математикийн сорилыг багтаагаад буй бөгөөд цаашид бусад хичээлийнхийг үе шаттайгаар нэмэхээр төлөвлөсөн гэнэ. Мөн цаашид улирал бүрийн төгсгөлд тухайн хугацаанд үзсэн хичээлүүдийн сорилыг нэмж оруулах аж. Уг системийг сурагчид үнэ төлбөргүй ашиглах боломжтой.
Бэлтгэсэн: М.Оч