Бүгд Найрамдах Кипр Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлагчаар Монгол Улсын зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Эрдэнэбатыг шалгаруулан томилсноо тус олон улсын хамтын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор зарлажээ. Тэрбээр хоёр дахь удаагаа ийм өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдож байна. Өмнө нь тэрбээр Өмнөд Суданд НҮБ-аас явуулж буй энхийг сахиулах ажиллагааны Жуба секторын командлагчаар томилогдон ажиллаж байгаад ирсэн юм.
Бригадын генерал Б.Эрдэнэбат Монгол Улсын зэвсэгт хүчинд 1996 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд Ирак, Сьерра Леон, Косово, Судан, БНӨСУ дахь энхийг сахиулах ажиллагааны цэргийн багт ажиллагааны офицер, оперативын дарга, цэргийн ажиглагч, багийн захирагч, Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны өмнөд секторын штабын дарга зэрэг албан тушаал хашиж байв. Монгол Улсын зэвсэгт хүчний алба хаагчид анх 2002 онд Конго, Баруун Сахарт НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойших 22 жилийн хугацаанд энхийг сахиулах ажиллагааны бүх түвшинд ажиллаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа билээ.
Ташрамд дурдахад, грек, турк үндэстэн зонхилон суудаг, 9251 амкм нутагтай, 1.2 сая хүн амтай тус улс өмнөд, хойд хэсэгт хуваагдан сөргөлдсөний улмаас1964 онд НҮБ цэрэг байршуулснаас хойш өнөөг хүрч буй аж.
Бэлтгэсэн: Г.Орчлон