Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сутай” хотхоны 10 давхар орон сууцад гал гарснаас долоон хүн амиа алдсан харамсалтай явдал саяхан болсон. Үүний дунд нэг гэр бүлийн таван хүн, түймрийн голомтод ажиллаж байсан онцгой байдлын албаны аврагч болон тухайн орон сууцад оршин суудаг нэг эмэгтэй багтсан юм. Олныг цочирдуулсан энэ хэргээс сургамж авах, нийгэмд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх зүйл олон байлаа. Хэрэв бид энэ бүхнийг олж харахгүй, өөртөө тусгахгүй, ямар нэг арга хэмжээ авахгүй, хий хоосон шогшроод л өнгөрвөл ийм явдал дахин хэдэн удаа тохиож, хэчнээн олон хүн амиа алдахыг тооцоолшгүй.
Гал тухайн байрны дөрөвдүгээр давхрын айлд анх гарсан. Улмаар тухайн давхартаа бүрэн тархаж, байр тэр аяараа утаа угаарт эзлэгдсэн. Гэвч зарим айлынхан энэ талаар дэндүү хожим мэджээ. Тус байрны хоёрдугаар давхарт оршин суудаг иргэн “Өглөө гэнэт хүмүүс пижигнэлдээд эхэлсэн. Согтуу, баяр ёслол тэмдэглэсэн улс хоорондоо муудалцаж дээ гээд ойшоогоогүй. Гэтэл үүний дараа манай хаалгыг 2-3 удаа хүчтэй цохих шиг болсон. Нэг л бишидлээ гээд хаалгаа нээтэл манай давхар битүү утаа болчихсон байлаа. Хөөрхий, байрныхан маань нэгэндээ сэрэмжлүүлэг хүргэх гээд л хаалга тогшсон юм билээ” хэмээн ярьсан. Байрны оршин суугчид галын аюул нүүрлэснийг анхааруулж, нойрмог хүмүүсийг сэрээх гээд тэр өглөөжингөө айл айлын хаалга тогшиж гүйлдсэнийг нэг бус иргэн хэлж байна. Онцгой байдлын байгууллагынхан ч түймрийн голомтод ажиллаж байхдаа ийм аргаар айлуудыг сэрээж, шалгаж, иргэдийг түймрийн голомтоос гаргасан юм билээ.
Угтаа бол айлуудад сэрэмжлүүлэг хүргэх энэ “ажил”-ыг оршин суугчид бус, галын дохиоллын систем хийх ёстой юм. Энэ нь дотроо утааных, дулааных гэсэн төрөлтэй. Гал гарах үед утаа угаар, дулааныг давхар мэдэрч, иргэдэд дохио өгдөг үүрэгтэй ийм систем орон сууц бүрд, айл болгонд байх учиртай. Байх байхдаа тогтмол, хэвийн ажиллах ёстой. Орон сууц, нийтийн зориулалттай, худалдаа, үйлчилгээний бүх барилга, байгууламжид ийм систем суурилуулах стандарт, журмыг манай улсад мөрддөг. Улсын комисс аливаа барилга, байгууламжийг хүлээж авахдаа ч холбогдох мэргэжилтнүүдийг байлцуулан үүнийг нь шалгаж, хүлээлцдэг. Харамсалтай нь, “Сутай” хотхонд гарсан түймрийн үеэр тус байрны галын дохиолол ажиллаагүйг оршин суугчид нь хэллээ. Тиймээс тэдний зарим нь “биет дохио” болохоос аргагүйд хүрч.
Хэрэв гал гарч эхэлсэн даруйд дохиоллын систем дуугарсан бол нэг гэр бүлийн таван хүн нойрноосоо сэрж амжилгүй хорвоогоос буцах байсан уу, оршин суугчид айл айлын хаалга балбаж гүйн өөрийгөө эрсдэлд оруулах хэрэг байв уу гээд эргэлзэх зүйл бишгүй. Мөн тухайн байр луу нэвтрэх орц, гарц хаалттай байснаас онцгой байдлын албаныхан болон түргэн тусламжийнхан багагүй цаг алдсан юм билээ. Гал хурдацтай тархаж буй, хүний амь минут, секундээр хэмжигдэж байгаа ийм эрсдэлтэй үед албаны хүмүүс зам чөлөөлөх, тээврийн хэрэгслүүдийг нааш цааш болгох зэрэгт санаа тавьж, хугацаа алдана гэдэг байж боломгүй. Энэ харамсалтай хэрэг бидэнд орон сууцын аюулгүй байдалд онцгой, бүр дээд зэргээр анхаарах цаг болсныг сануулж, олон хүний эрдэнэт амиар дохио, сэрэмжлүүлэг өглөө.
Өнгөрсөн оны зун орон сууцын айлд ахуйн хий дэлбэрч, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан хоёр ч тохиолдол нийслэлд гарсан. Баянзүрх дүүргийн V хороонд байрлах “Сэнгүр горхи” хотхоны зэргэлдээх байрны нэгэн оршин суугч татсан тамхиныхаа ишийг бүрэн унтраалгүй тагтан дээр хаяснаас хоёр айлд гал гарсан явдал өнгөрсөн оны хавар болсон. Мөн тус дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны нэгэн тамхичин оршин суугчаас болж зургаан айл шатсан явдал хэдэн жилийн өмнө гарч байв. Энэ мэтчилэн дурдвал иргэд сонор сэрэмжгүй байдлаасаа болж өөрийн агаад бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах явдал орон сууцад цөөнгүй гарах боллоо. Ялангуяа ахуйн хүрээний түймрийн тохиолдол эрс ихэссэнийг албаны хүмүүс анхааруулсаар байна. Ийм цаг үед бид амьдран буй орчин, байр, сууцынхаа аюулгүй байдлыг хангахад хаана хаанаа анхаарах шаардлагатай. Үгүй бол гэртээ гэмгүй сууж байгаад л хохирох эрсдэлтэй. Нэг өглөө сэрэхгүйгээр “яваад өгөх”-ийг ч үгүйсгэх арга алга.
Орон сууцын аюулгүй байдал гэдэг нь маш өргөн хүрээний ойлголт аж. Үүнд тухайн барилга, байгууламжийн гадаад, дотоод орчны оновчтой төлөвлөлт, зохион байгуулалтаас эхлээд гал, ус, газар хөдлөлтийн эрсдэлд тэсвэртэй байдал гээд олон үзүүлэлтийг хамааруулдаг юм байна. Орон сууцын аюулгүй байдлыг хангах ажил түүнийг төлөвлөж, барих үеэс эхэлдэг. Орон сууц, нийтийн зориулалттай барилга, байгууламж барьж буй аж ахуйн нэгж холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авахдаа ерөнхий төлөвлөгөө боловсруулсан байх бөгөөд үүндээ оршин суугчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах бүх төлөвлөлтийг тусгах учиртай. Үүний дагуу барьсан барилгыг Улсын комисс хүлээж авахдаа ч аюулгүй байдлын шаардлага хангаж буй, эсэхийг албаны бусад хүнийг байлцуулан хянаж шалгадаг журамтай. Харин нэгэнт ашиглалтад хүлээлгэж өгөөд удсан орон сууцын аюулгүй байдалд СӨХ, орон сууцын контор болон оршин суугч иргэд санаа тавих үүрэг ногддог. Даанч манай улсад төр, хувийн хэвшлийн байгууллагынхан нь ч, иргэд нь ч энэ асуудалд дэндүү хайнга хандсаар байна.
Барилгын компаниуд нь байртай болох гэсэн эрэлтэд дөрөөлж, ашиг олохоо урьтал болгон чанар, аюулгүй байдлын наад захын шаардлага хангахгүй, хэдхэн жил болоод л тараа таниулах хэврэг сууц барьдаг. Шилэн хөвөн, полиэстер зэрэг аль хямд, галд өртөмтгий материалуудыг түгээмэл ашигладаг болсон нь түймрийн эрсдэлийг улам нэмэгдүүлж буй. Мөн бөгс эргэх зайгүй шахам давчуу орон зайд барилга шавааралдуулан барьдаг болсноос гамшиг, ослын үед яаралтай, хариу арга хэмжээ авах боломж нөхцөл ч тэр хэрээр хумигдсан.
“Жапан эйрлайнс” компанийн онгоц уржигдар Токиод газардах явцдаа тэнгисийн цэргүүдийг тээвэрлэж явсан нисдэг тэрэгтэй мөргөлдөж, шатах үед Японы тусгай албаны хүмүүс хоёр хүрэхгүй минутад бүх зорчигчийг эсэн мэнд гаргаж, амийг нь аварсан юм билээ (нисдэг тэргэнд байсан таван зорчигч амиа алдсан). Хөгжингүй, гамшигт бэлтгэлтэй орны иргэд ийм л хурдтай, мэдрэмжтэй ажилладаг аж. Гэтэл манайд орчны төлөвлөлт, албан хаагчдын хувцас, техник хэрэгслийн хангамж зэргээс эхлээд олон бэрхшээл иргэдийн аюулгүй байдлыг хангахад саад учруулдаг. Үүнээс болж хугацаа алддаг.
Орон сууцын төлөвлөлт, ашиглалтын норм, дүрэм журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй байгууллагууд нь ч дүлий дүмбэ оргисон байдалтай. СӨХ болон оршин суугчид ч дэндүү тоомжиргүй. Наанадаж л галын дохиоллын системдээ санаа тавьж, эзэн болж чадахгүй байна шүү дээ. Орон сууцын контор, СӨХ-ныхон галын дохиоллын системийг санаатайгаар салгаж, эрсдэл үүсгэдэг тохиолдол цөөнгүй байдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан “Орон сууц, нийтийн зориулалттай барилгуудад хяналт шалгалт хийхэд утаа мэдрэгч, галын дохиоллын хэрэгслийг салгачихсан тохиолдол өчнөөн байдаг. Оршин суугчид орон сууцын хонгилд тамхи татах үед мэдрэгч ажиллаж, байраар нэг дохио дуугардаг. Тэр болгоныг шалгахаас төвөгшөөдөг үү, олон дахин дуугараад байхаар залхдаг уу, СӨХ-ныхон нь унтраачихдаг юм билээ. Дохиоллын системийг тэжээлээс бүрмөсөн салгачихдаг. Ингэснээр тухайн байрны төхөөрөмж нийтээрээ ажиллагаагүй болно. Ямар ч үед үүнийг унтрааж, хэвийн ажиллагааг нь алдагдуулж болохгүй” хэмээн анхааруулсан. Үүнээс гадна барилга, байгууламжид гарсан түймрийг унтраахад ашигладаг галын крантны иж бүрдэл байдаггүй, аврах ажиллагааны үед ашиглах давхар гарцуудыг зоорийн давхарт төлөвлөдөггүй, явганаар зорчих шатны хаалгуудыг түгждэг зэрэг нийтлэг зөрчил илэрдгийг ч дурдав.
Товчхондоо, манай улсад орон сууцын аюулгүй байдал галын дохиоллын системд л “бүдэрч” байна. Үүний цаана өөр олон гамшиг, эрсдэл бий. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Турк, Сирид, шинэ оны эхээр Японд болсон шиг хүчтэй газар хөдлөлт болбол Улаанбаатарт шалгуур давж үлдэх орон сууц хэд бол. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдардаг иргэдийн хувьд байр, сууц худалдан авахдаа хамгийн түрүүнд бодох эрсдэлүүдийн нэг нь энэ юм.
Таныг эзгүйд, танай гэрт гал гарч, ус алдлаа гэж бодъё. Үүнийг цаг алдалгүй мэдэх боломж танд бий юү. Ингэхэд танай гэрийн дохиоллын систем ажиллаж байгаа юу. Хөгжингүй орнуудад бол иргэд гэртээ байгаа бүх цахилгаан хэрэгслээ алсын зайнаас, гар утаснаасаа хянаж, удирдаж, дохиоллын системийн мэдээллийг ч цаг алдалгүй хүлээж авдаг юм билээ.