Сэлбэ голын халиа гурав хоногт 2-5 см-ээр нэмэгдсэнийг Туул голын сав газрын захиргааныхан хяналт шалгалтаараа тогтоожээ. Тус байгууллагынхан хяналт шалгалт хийхэд голын түвшин өнгөрсөн сарын 27, 29-нд 2-5, энэ сарын 1-нд 2-4 см-ээр нэмэгдсэн байв. Албаныхны үзэж буйгаар цаашид 10 см-ээр нэмэгдэх магадлалтай гэнэ. Сэлбэд халиа үүссэн шалтгааныг тогтоох явцад гурван аж ахуйн нэгж барилга барих үеэрээ хөрсний усыг тус голд цутгасныг илрүүлсэн аж. Мөн өнгөрсөн онд бороо их орж, гол үерлэсэн нь ч үүнд нөлөөлсөн гэнэ. Өөрөөр хэлбэл, хур бороо их орсноос үүдэн хөрсөн дэх усны түвшин нэмэгдсэн нь өвлийн цагт халиа үүсэх эрсдэл үүсгэжээ. Түүнчлэн ойрын үед цаг агаар дулаарч буйгаас Дарь-Эхийн эцэс орчмоос мөс хайлан, дээрх гол руу цутгах эрсдэл өндөр аж. “Геодез, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Сэлбэ голын ус далангаасаа халихаас нь өмнө шаардлагатай арга хэмжээг тогтмол авч буйгаа мэдээлэв. Тиймээс иргэдийн эд хөрөнгөд хохирол учрахгүй гэж албаныхан нь хэллээ.
Ташрамд дурдахад, хөрсний усыг зөвшөөрөлгүйгээр голд нийлүүлсэн тохиолдолд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу буруутай этгээдэд торгууль ногдуулдаг. Улмаар халиа гүйж (өвлийн үер) иргэдийн эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд хөрсний ус нийлүүлсэн байгууллага хариуцлага хүлээх юм байна.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн