Гадаадын иргэн, харьяатын газар 2023 онд гадаадын 44 831 иргэнд визийн зөвшөөрөл, 40 734 иргэнд зохих ангиллын Монгол Улсын виз олгожээ. Үүнээс 31 242 визийг цахимаар олгосон байна. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт виз олголт гурав, цахим виз олголт дөрөв дахин өсжээ.
Мөн гадаадын 23 555 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 19 488 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан бол оршин суух зөвшөөрөлтэй 12658 иргэний бүртгэлд хасалт хийлээ. Оршин суух зөвшөөрөл олголт 2022 онтой харьцуулахад 2.5 дахин өссөн байна.
2021 оноос хойш цахимжуулах ажил хийсний үр дүнд виз, зөвшөөрлийн 12 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 7-15 удаа биечлэн ирдэг иргэдийн ачааллыг хоёр дахин бууруулж, цахимаар үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлжээ. Ингэснээр 2023 онд цахим үйлчилгээний системээр нийт 115 211 хүсэлт хүлээн авч, хянан шийдвэрлээд байна.
ГИХГ нь 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нээс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 34 992 оршин суух үнэмлэх шинээр хэвлэж, 4664 үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгажээ.