Боловсролын багц хууль хэрэгжиж эхэллээ
БШУЯ-наас боловсруулж, орон даяар хэлэлцүүлснээр Боловсролын багц хуулийн төслийг УИХ баталлаа. Энэ хуульд багшийн нийгмийн халамжид анхаарсан хэд хэдэн заалтыг багтаав. Жишээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуульд 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багшийн 1 хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна. Амьдрах нөхцөлөө сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянга болж байна
2024 оны эхний өдөр буюу өнөөдрөөс эхлэн цалингийн доод хэмжээг 20 хувиар нэмж, 660 мянган төгрөгт хүргэхээр шийдвэрлэсэн. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660 мянган төгрөгөөр шинэчилсэн.Манай улсад 100 орчим мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна.
Тэтгэвэр тогтоолгосон 6, 7 жилийн дундаж цалинг таван жил болгов
Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Тэтгэврийн Тухай хуулийг шинэчлэн найруулж, өнөөдрөөс дагаж мөрдөнө. Энэ хуулийн гол өөрчлөлтийн нэг нь 2019-2023 онд тэтгэвэр тогтоолгохдоо 6 эсвэл 7 жилийн дундаж цалингаар тогтоолгосон ахмадууд өөрчлөх хүсэлтээ энэ онд багтаан НДЕГ-т өгөх боломжтой болсон. Өөрчлөгдсөн тэтгэврийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс олгоно.
Эрүүл мэндийн даатгалын 2024 оны шимтгэлийн хувь хэмжээг баталлаа
- Засгийн газрын энэ сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2024 оны хувь хэмжээг дараах байдлаар тогтоов:
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тогтоосугай. - Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 6600 (зургаан мянга зургаан зуу) төгрөгөөр,
- Мөн хуулийн 4.4-т заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтны эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 13200 (арван гурван мянга хоёр зуу) төгрөгөөр тус тус тогтоосон.
Тендер шалгаруулалтын бүх үе шатыг ил тод болгоно
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас боловсруулж, өнгөрсөн зургаадугаар сард баталсан. Тус хуульд технологийн дэвшилд тулгуурлан тендер шалгаруулалт дахь хүний оролцоог бууруулж, тендерт оролцогчдын бүрдүүлдэг материалаас зөвхөн 18 хувийг цахим хэлбэрээр төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийн сангаас татан авч, тендерийн үнэлгээнд харгалзан үзэж байгааг 70 хувьд хүргэнэ. Тендерт оролцогчдын цахим мэдээллийн сан бүрдүүлж, компанийн мэдээллийн санд баталгаажсан мэдээллийг тендерийн үнэлгээнд ашигласнаар тендерт оролцогч ижил төрлийн баримт бичгийг олон дахин хувилж, тендер тус бүрд хүргүүлдгийг хална. Гэрээний мэдээллийн санг ил тод болгож аль компани, ямар ажлыг хийж байгаа, тухайн гэрээний гүйцэтгэл, санхүүжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх зохицуулалтыг шинээр тусгасан. Ингэснээр иргэд, олон нийт болон эцсийн хэрэглэгч аливаа худалдан авах ажиллагааны гэрээний хэрэгжилтийн талаар санал хүсэлт гаргах, олон нийтийн хяналт хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.