Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, иргэн Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлэхээр болсныг эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Д.Мөнх-Эрдэнэ өнөөдрөөс хорихоос суллагдана.
Д.Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байхдаа амьдрах зориулалттай 76 м2 хэмжээтэй 3 өрөө орон сууцаар хангагдсан байхад 200 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг түрээслэх гэрээ байгуулж, түрээсийн төлбөрт 2017, 2018, 2019 онуудад нийт 247,000 юань буюу тухайн үеийн ханшаар 93.138.940 төгрөгийг,
Хөх хот дахь дунд сургуулийн зүгээс сургалтын төлбөр аваагүй байхад тус сургууль суралцсан өөрийн хүүхдүүдийн сургалтын төлбөрт 42,000 юань төлсөн мэтээр баримт бүрдүүлж,
Дипломат төлөөлөгчийн газрын албан хэрэгцээнд ашиглагдаж байсан тээврийн хэрэгслүүд нь шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байхад дээрх ажлыг гүйцэтгүүлэх нэрийдлээр 1.081.830 төгрөгийг,
Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эх орондоо ирж амрахтай холбогдсон зардлыг илүү олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас улсын төсвийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан юм.
Шүүхээс Д.Мөнх Эрдэнэд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсвийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлүүдээс Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эх орондоо ирж амрахтай холбогдсон зардлыг илүү олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх нэг үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил, 10 сарын хугацаагаар хорих ял оноогоод байсан юм.