ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн доктор Д.Өсөхжаргал хавтаг навчит хус (Betula platyphylla Sukaczev.)-ыг биотехнологийн аргаар үржүүлэх туршилт, судалгааг хийж байна. Энэ зүйлийн хус нь тэсвэрлэх чадвар сайтай, дасан зохицомтгой, дунджаар 120-140 жил насалж, 17 хүртэлх метр ургадаг тул экологи, эдийн засгийн өндөр ач холбогдолтойд тооцогддог, үрийн соёололт сайтай модны нэгт багтдаг гэнэ.
Хавтаг навчит хусны үрийг модлог ургамлын өсөлт, хөгжилтөд шаардлагатай макро, микро элементүүдийг агуулсан тэжээлийн орчинд суулгахад соёололт нь багадаа 50 хувьтай байдаг аж. Тиймээс навчит болон шилмүүст ойд эзлэх хусны хэмжээг нэмэгдүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дэвшүүлсэн мод, сөөгийн генетик нөөц бүрдүүлэх, тарьц, суулгац бэлтгэхэд дэвшилт технологи ашиглах зорилтыг хангахаар эл ажлыг эхлүүлжээ.
Судалгааг Монгол, Беларусь улсын хамтран хэрэгжүүлж буй “Эдийн өсгөврөөр гаргаж авсан модлог ургамлын абиотик стресст тэсвэрлэх чадварын физиологи, биохимийн онцлог” төслийн хүрээнд гүйцэтгэж байгааг Ботаникийн хүрээлэнгийнхэн онцлов.