ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхний хийж буй Цагаан агуйн малтлага, судалгааг Монголын археологийн 2023 оны шилдэг судалгаагаар шалгаруулжээ. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт, Их богдын нурууны Цагаан ууланд орших эл агуйд эртний хүмүүс амьдарч байсныг гэрчлэх ул мөр цөөнгүй үлдсэнийг археологичид олон удаагийн судалгаагаар тогтоосон юм.
Цагаан агуйгаас илрүүлсэн чулуун зэвсгийн олдворуудын он цагийг тогтоох, нарийвчлан шинжлэх судалгааг ШУА-ийн Түүхийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэн, АНУ-ын Аризонагийн их сургуулийн археологичид хамтран 1995 онд хийж байжээ. Тэгвэл үүнээс 25 жилийн дараа буюу 2020 онд энэ ажлыг дахин эхлүүлж, хамтарсан экспедиц томилсон байна.
Эл судалгаа нь он удаан жил үргэлжилж буй, олон улсын хамтарсан экспедицийнх гэдгээрээ онцлог бол Монголын хуучин чулуун зэвсгийн үед холбогдох ховор, хосгүй дурсгалыг нээн илрүүлснээрээ шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тиймээс ШУА-ийн Түүх, угсаатны зүйн болон Археологийн хүрээлэн, Монголын археологичдын холбооноос үүнийг шилдгээр нэрлэсэн төдийгүй “Монголын археологи-2023” эрдэм шинжилгээний хурлын онцлох судалгаагаар тодруулжээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл