Шинэ жилийн баярыг тохиолдуулан нийслэлийн Соёл урлагийн газрынхан өчигдрөөс “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээг төв талбайд зохион байгуулж эхэллээ. Үүний хүрээнд “Улаанбаатар” театрын гоцлол дуучин Д.Шижирмаа, хөгжимчин Г.Бат-Өлзий, Б.Батжаргал нар өчигдөр үдэш уран бүтээлээ толилуулсан юм. Нийслэлчүүд болон гадаадын жуулчид төв талбайд цуглан, шинэ жилийн дурсамж бүтээх боломж бүрдүүлэх зорилгоор уг арга хэмжээг санаачилсан гэнэ. “Улаанбаатарын мөнгөн шөнө” энэ сарын 30-ныг дуустал өдөр бүр 18.00 цагаас үргэлжлэх аж. Уг арга хэмжээний хүрээнд өнөөдөр жааз хөгжмийн тоглолттой юм байна. Ташрамд дурдахад, Д.Сүхбаатарын талбайд цуглаж, “Улаанбаатарын мөнгөн шөнө”-ийг үзэж буй иргэд, жуулчдад зориулж нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газрынхан шинэ жилийн баярын худалдаа, үйлчилгээг энэ сарын 24-нөөс эхлэн төв талбайд зохион байгуулж байна.