Монголын хамгийн өргөн уудам говь болох Зүүн гарын их говьд 10 орчим насны жаахан бор хүү гэртээ ганцаархнаа малаа хариулан аж төрдөг тухай баримтат кино жилийн өмнө телевизүүдээр гарч, тухайн үед нийгмийг шуугиулж байсан. Жижигхэн биедээ баймгүй их ачаа үүрч, ганцаараа сэрж, хоолоо хийж, малаа хариулна. Зурагт, гар утас гэж юу ч байхгүй, ердөө станцаар л эцэг, эхтэйгээ холбогдоно. Хотонд нь чоно орж ирвэл алсаас орилно, үүнээс өөрөөр юу ч хийж чадахгүй. Халуун хоол ч хийж идэлгүй шийгуа идээд цадчихсан гээд сууж байх хүүг хараад өрөвдөх сэтгэл төрж билээ. Дэгж, дэрвэж, тоглож гүйх насан дээрээ өрх гэр толгойлж, амьдралаа авч явж буй Б шиг хүүхдүүд Монголд олон бий.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд уул уурхайн салбар чухал үүрэгтэй. Гэвч уул уурхай дагасан иргэдийн шилжилт хөдөлгөөн, замын, тоосжилт, дуу чимээ зэрэг эрүүл мэнд болон аюулгүй байдлын сөрөг нөлөөллүүд их гарах болсон. Шууд хэлэхэд Өмнийн говьд оршдог дэлхийн хамгийн том өндөр чанартай зэс бүхий Оюу толгой, Тавантолгой, Рио Тинто, Эрдэнэс тавантолгойн ордыг дагаж, энэ бүхэн үүссэн. Монгол Улсын хамгийн том нутаг дэвсгэртэй аймаг нь Өмнөговь.
Аймгийн хүн ам сүүлийн 10 жилийн хугацаанд огцом өсжээ. Ялангуяа уурхай ажилладаг сумдад нь хүн амын өсөлт түлхүү байгааг судлаачид онцолжээ. Өмнөговь аймагт алт, зэсийн уурхай олон байдаг тул хүн амын шилжин суурьшилт нэлээд өндөрт тооцогдож байна. Шилжин суурьшилтын нөлөөнд орон нутагт амьдарч байгаа хүүхдүүд, шилжиж ирсэн уурхайчин ажилчдын хүүхдүүд, шилжиж ирсэн шууд ба шууд бус хөдөлмөр эрхлэхээр ажил хайгч иргэдийн хүүхдүүд, бичил уурхайчдын хүүхдүүд, эцэг эх нь ажил хөдөлмөр хайж уурхайг зорьж, уугуул нутагтаа үлдсэн хүүхдүүд хамгийн ихээр өртдөг болохыг тогтоожээ.
Угаас Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас уул уурхай уурхай хүүхдэд сөргөөр нөлөөлж эхэлснийг мэдэгдсэн удаатай. Нээрээ ч Өмнөговь аймагт дээрх шиг “өрх толгойлсон” хүүхэд олон. Угтаа байгаль орчинд ээлтэй, нутгийн уугуул иргэдийн хөндөгдсөн эрхийг нөхөн сэргээх бодлогыг бодитой хэрэгжүүлсэн хариуцлагатай уул уурхайг салбарынхан ярьдаг ч хөрсөн дээр буугаагүй гэсэн үг. Тиймээс уул уурхайн нөлөөлөлд өртөж буй бүс нутагт “Өрх толгойлсон хүүхдүүд” гэх нэршил бий болоод удаж буй. Тодорхой хэлбэл, олборлох үйлдвэрлэлийг дагаад хүүхдийн эрхийг хөндсөн ноцтой асуудал нэгэнт бий болжээ. Эцэг эх нь амьдрахын эрхээр цалин сайтай уул уурхайд ажиллахдаа дор хаяж 14 хоног явах хойгуур насанд хүрээгүй хүүхдүүд өрх толгойлж, эцэг, эхийн үүргийг хүлээж амьдралаа авч явах болсон гэсэн үг. Улмаар шилжилт суурьшилтын нөлөөллийг зохицуулах менежмент болон хөгжлийн хөрөнгө оруулалтад хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагыг анхаарч шийддэггүй, мөн аюулгүй байдал, гэр бүл, боловсрол, эрүүл мэнд зэрэг хүүхдийн суурь эрхийг орхигдуулах хандлагатай байдаг нь судалгаагаар ил болжээ.
Уул уурхай болон шилжилт хөдөлгөөний нөлөө хүүхдүүдэд хэрхэн тусаж байгаа талаарх Монгол Улсад хийсэн судалгааны үр дүнгүүд нь уул уурхайтай холбоотой шилжилт хөдөлгөөн нь хүүхдүүдэд бодитой нөлөөлдөг болохыг харуулж байна. Гэвч хүүхдүүдэд хэрхэн, яагаад нөлөөлдөг тухай мэдлэг ойлголт, нотолгоотой мэдээлэл уул уурхайн компани болон орон нутгийн засаг захиргааны аль алинд хомс байна. Уул уурхайн бүс нутагт бүртгэлгүй иргэд ирж суурьшсантай холбоотой нийгмийн үйлчилгээний ачаалал эрс нэмэгддэг байдал нь хүүхдүүдийг дэмжих, асран хамгаалах түвшнийг бууруулах сөрөг нөлөө үзүүлэхээс гадна, бага насны хүүхдийн хөгжлийн төлөөх санал санаачилга, чадавх, дэд бүтэц хомс байдаг тул бага насны хүүхдийн хөгжилд ихээхэн эрсдэлүүд бий болж байна.
Цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл, охидын жирэмслэлт, садар самуунд уруу татах, бэлгийн мөлжлөг, хүүхдүүд өрх толгойлж амьдрах зэрэг хүүхдүүдэд нөлөөлж буй нийгмийн олон асуудал нуугдмал, хаалттай хэвээр байна.
Үүнээс гадна уул уурхайгаас болж гэр бүл салан тусгаарлагдах явдал ихэссэн. Зарим тохиолдолд эцэг, эх хоёр хоёулаа өөр, өөр газарт уул уурхайд ажил хийж, хүүхдүүд нь хамаатан садныдаа эсвэл харгалзах том хүнгүй бие даан үлдэх тохиолдлууд гарч байна. Шилжин суурьшилтыг хялбар удирдаж буюу зогсоох боломжгүй ч, үүний сөрөг нөлөөллийг бууруулах, мөн уул уурхай ажилладаг орон нутагт нийгэм-эдийн засгийн үйл ажиллагааны хөгжлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд олон санал санаачилга тус дөхөм үзүүлэх боломжтой.
Гэхдээ тус аймгийн Засаг захиргааны байгууллагууд иргэдээ аль болох төв суурин ажиллах боломжоор хангаж өгөхөөр хичээж байгаа нь сайшаалтай. Тухайлбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн тушаалаар “Нутгийн дэм” хөтөлбөр хэрэгжиж буй. Тэрбээр энэ талаараа “Аймаг, сумдын төв дээр шинээр ажлын байрууд бий болгож, өрхийн үйлдвэрлэлүүдийг дэмжиж, газрыг нь үнэгүй олгож, ус, тогийг нь төсвөөс гаргаад гэр бүлтэйгээ ойр ажиллах боломжийг нь бүрдүүлэхээр хичээж байна” хэмээж байсан удаатай. Жишээ нь, өнгөрсөн 2023 онд төрийн бүх алба хаагчдынхаа цалинг үе шаттайгаар 80 хүртэлх хувиар нэмээд, нэмээд 5800 алба хаагчид сар бүр 400-600 мянган төгрөгийн урамшуулал олгодог болжээ.
Ингэснээр уул уурхай руу хөрвөсөн төрийн албан хаагчид буцаад ажилдаа орж байгаа аж. Ямартай ч энэ мэт жишгээр орон нутагт нийгэм-эдийн засгийн үйл ажиллагааны хөгжлийн үр өгөөжийг нэмэгдүүлж, урт хугацааны хөгжлийн төлөвлөлт зэрэг бүхий л үйл ажиллагааны явцад хүүхдийн асуудлыг анхаарч үзсэн нөхцөлд, хүүхдүүдийн ирээдүйн хөгжлийг дэмжих зэрэг бодитой үр өгөөжийг хүүхдүүд хүртэх боломжтой юм.