Монгол бөхийн өргөөнд арваннэгдүгээр сарын 18-нд болсон сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр гарсан зөрчлийн шинжтэй үйлдэлд хууль хяналтын байгууллагаас хариуцлага тооцжээ. Тодруулбал, тус барилдааны гурвын даваанд Өмнөговь аймгийн Сэврэй сумын заан Г.Ганбат Дундговийн Дэрэн сумын харьяат залуу бөх Т.Мөнгөн-Эрдэнэтэй барилдаж, давсныхаа дараа дээрээс нь өвдөглөж, биед нь халдсан юм. Энэ зөрчилд нь Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн 5.3-1 дэх хэсгийн хүний биед халдсан гэх үндэслэлээр хэрэг нээн шалгаж, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноосон байна. Эл үйлдэлд нь МҮБХ-ны дүрэм журмын дагуу барилдах эрхийг нь нэг жилээр хасаад буй билээ.
Түүнчлэн хууль сахиулах байгууллагаас улсын цолтой нэг бөх барилдаж давахдаа учраагийнхаа биед халдсан гэх асуудлыг шалгаад зөрчлийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй гэж үзэн хариуцлага хүлээлгэхээс прокурорын байгууллага татгалзсан гэнэ.