Авто угаалгын газрууд усаа дахин ашиглахыг мэргэжилтнүүд байнга сануулдаг. Учир нь авто угаалгын газрууд байгаль орчныг бохирдуулж, цэвэр усны хомсдол үүсгэх хүчин зүйл болж байгаа билээ. Угаалгын газрууд хүчин чадлаасаа хамаараад сард ойролцоогоор 60 гаруй тонн цэвэр ус “урсгадаг”. Улсын хэмжээнд машин угаалгын газрууд жилд 125 мянган шоо метр цэвэр ус ашигладаг гэсэн судалгааны дүн ч бий. Нэг машиныг багадаа 200 литр усаар угаадаг аж. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бүх газар усаа дахин ашиглах ёстой гэсэн саналыг Усны газраас гаргаад байна. Үүнийг хэрэгжүүлэх орчин нөхцөл бүрдсэн, эсэхийг сурвалжиллаа.
Тус газраас “Машин угаалгын газрууд нь цэвэр ус ашигладаг орон дэлхийд ховор. Ихэнх нь эргэлтэд оруулсан саарал ус л хэрэглэдэг. Гэтэл Улаанбаатар хотод саарал ус ашигладаг газар байхгүй” гэж мэдээлсэн юм.
Ус сувгийн удирдах газрын Үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Д.Мөнхзул “Манайх авто угаалгын 146 газарт цэвэр ус нийлүүлэх, бохир усыг нь татан зайлуулах гэрээ байгуулан, үйлчилгээ үзүүлдэг. Авто угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй байх албан ёсны шийдвэрийг эрх бүхий байгууллагаас манайд ирүүлээгүй. Ер нь тэдгээр газарт цэвэр ус нийлүүлэхгүй байх нь зүйтэй гэдэгтэй санал нийлнэ” гэлээ.
Тус байгууллагатай гэрээтэй 146 авто угаалгын газраас одоогоор 34 нь усаа дахин ашиглах төхөөрөмж суурилуулжээ.
ЦЭВЭРШҮҮЛСЭН УСЫГ ҮНЭГҮЙ ӨГДӨГ
“М Си Эс кока кола” компани нь хаягдал усыг цэвэрлэх байгууламжийг 2010 онд ашиглалтад оруулжээ. Ингэснээр цэвэршүүлсэн усыг нь ногоон байгууламж услах, гал түймэр унтраахад ашигладаг болсон гэнэ. Мөн авто угаалгын газар, бетон зуурмагийн болон хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийнхэн ч тэднийхээс ус авч, ашиглаж байна. Уг байгууламж өнгөрсөн онд 240 мянган тонн усыг цэвэршүүлэн Төв цэвэрлэх байгууламжийн магистрал шугамд нийлүүлжээ. Тус компанийн Олон нийт, дотоод харилцааны ажилтан Г.Түвшинбилэг “Машин угаалгын газрууд манайхаас ус авах гэхээр холдоод байдаг. Гэсэн ч хэд хэдэн газрынхан ирж авдаг л юм. Уг нь хүссэн бүхэн нь үнэ төлбөргүй авах боломжтой. Харин бид өөрсдөө ус түгээдэггүй. Жилд 150 000-200 000 тонн ус цэвэршүүлж буй боловч дөнгөж 5-6 хувийг нь ашиглаж, үлдсэнийг нь Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг” гэв.
“ДАН СААРАЛ УСААР МАШИН УГААХ БОЛОМЖГҮЙ”
Саарал ус ашигладаг зарим угаалгын газрын нөхцөл байдлыг нь сурвалжиллаа. Машин угаалгын газрынхан зөөврийн усаа тунгаагуур төхөөрөмждөө хуримтлуулаад, цэвэршүүлсний дараа дахин ашигладаг юм байна. Зарим жижиг газар тус зөөх машин болон цэвэршүүлэх төхөөрөмж авах нь үнэтэй тусдаг гэнэ.
Хан-Уул дүүрэгт байрлах “Авто спа” угаалгын газар “Соёл велнес” төвтэй хамтран саарал ус ашиглах технологийг 2019 оноос нэвтрүүлжээ. Тус төвийн зэргэлдээ байрлах “Авто спа” угаалгын газарт 20-иод машиныг 4-5 ажилчин угааж байв. Хананд “Саарал ус-бидний шийдэл” гэсэн уриаг томоор бичиж хадаад, төхөөрөмжийнхөө зургуудыг самбарт байрлуулжээ. Үйлчилгээний үнэ нь машины төрлөөс хамаарч бүтэн угаалга 40-60, гадна болон доторх угаалга 25-35 мянган төгрөгийн үнэтэй аж. Тус газрыг ажиллуулдаг Д.Төгсмандах “Манайх цэвэр усны хэрэгцээнээс татгалзаад таван жил болж байна. 100 хувь ахуйн хэрэглээний саарал ус ашигладаг. Усны нөөц хангалттай. Учир нь хажууд байрлах саун нь зургаан бассейнтай. Шугам хоолойгоор дамжуулан тэндээс ус авч байна. Усаа эхлээд нөөцөлж, үс, ноос, шороог нь шүүсний дараа хэрэглэдэг” гэлээ.
Шүүсэн усаа харуулахад тунгалаг саарал өнгөтэй байв. Өвлийн улиралд өдөрт 40-50, зун 100-гаас олон машин угаадаг гэнэ. Нэг машинд 100 гаруй литр ус зарцуулдаг аж.
Зөөврийн усаар машин угааж, хэрэглэснээ цэвэршүүлэн, дахин ашиглах төхөөрөмж нэвтрүүлсэн анхдагч компани нь Баянзүрх дүүрэгт байрлах “NT авто угаалга” юм байна. Мөн XIX хороолол дахь “Эко карвош” угаалгын газар ч ийм төхөөрөмжтэй гэнэ. “NT авто угаалга”-ын захирал Т.Золзаяа “Холбогдох албаныхан бидэнд 4-5 жилийн өмнө саарал ус ашиглах төхөөрөмжтэй байх шаардлага тавьж, хэрэгжүүлэхгүй бол ажиллуулахгүй гэсэн. Ийм төхөөрөмжийг тухайн үед урд хөршөөс 20 сая төгрөгөөр авч байлаа. Дан саарал усаар машин угаах боломжгүй. Хэрэглэсэн усаа байнга дахинашиглахааругаасанмашинаастаагүйүнэргарах, дугуйны өнгө цайрах зэрэг асуудал тулгардаг. Иймээс зарим иргэн гомдол гаргадаг юм. Тиймээс нэг удаа ашигласан усыг 2-3 өдөр л дахин хэрэглэхэд тохиромжтой. Манайх цэвэр усны шугамд холбогдоогүй. Өмнө нь бид “М Си Эс кока кола”-гийн үйлдвэрээс жил гаруйн хугацаанд ус зөөсөн. Гэсэн ч машин эвдэрснээр зөөж чадахгүйд хүрсэн. Шийдвэр гаргагчид авто угаалгын газруудад усаа зөөхөд нь дэмжлэг үзүүлээсэй гэж боддог” гэв.
Уг газрын цэвэршүүлэх төхөөрөмж өндөр нь хоёр, өргөн нь нэг метр орчим хэмжээтэй ус хуримтлуулах савтай аж. Нэг хоногт усаа тунгаадаг. Тунгаасан усаа хэрэглэсний дараа дахин цэвэршүүлээд ашигладаг. Энэ нь хэрэглэх боломжгүйд хүрэхэд бохирын машинаар тээвэрлүүлэн, зориулалтын талбайд асгуулдаг юм байна. Бохирыг нэг удаа тээвэрлэхэд 100 000, хэт их бохирдсон бол 200 000 төгрөг зарцуулах нь ч бийг тэд дурдсан. “Манайх төвийн бохирын системтэй холбогдсон ч хэрэглэсэн усаа шугамд нийлүүлж болохгүй. Тиймээс бохирын машинаар сард 1-2 удаа тээвэрлүүлж, зориулалтын газарт нь асгуулдаг юм. Бохир усны стандарт хэмжээнээс хэтэрвэл торгуулна. Улиралд нэг удаа дээж авч, чанарын шинжилгээ хийдэг. Анхандаа бохирдлын түвшин өндөр гардаг байсан. Одоо хэвийн болсон” гэж Т.Золзаяа ярив.
“Сэмбий” авто угаалгын газрынхан “Саарал ус хэрэглэх орчин нөхцөлийг нь хэрхэн бүрдүүлэх, ямар шийдэл байгаа талаар албаныхан юу ч яриагүй. Энэ нь угаалгын газрууд үйл ажиллагаагаа зогсоо гэсэн үг биш байлгүй дээ. Манайх төвийн шугамаас ус авдаг. Үйлчилгээ үзүүлж байгаа газарт цаашид ямар технологи нэвтрүүлэх нь тодорхойгүй байгаа. Төвийн шугамын ус хлораминтай, шүүгээгүй, 100 хувь цэвэр гэж хэлэхэд хэцүү. Гэтэл “Оюутолгой” компани гүний цэвэр уснаас нэг секундэд найман тонныг хэрэглэдэг гэж сонссон. Тэд үүнд тохирсон төлбөр төлдөг, эсэхийг мэдэхгүй байна” гэлээ.
“Мөнх хада” нь машин угаах автомат салоныг Японоос оруулж ирсэн хоёр компанийн нэг. Уг салон нь шалан доороо ус сорох төхөөрөмжтэй. Түүгээр усаа дамжуулан тус бүр нэг тоннын хоёр саванд хуримтлуулаад, цэвэршүүлдэг аж. Тус газрын ажилтнаас энэ төхөөрөмжийн онцлогийг лавлахад “Машин угаах автомат салон гурван жил ажиллаж байгаад эвдэрсэн. Гэтэл үүнийг засаж чадах мэргэжилтэн алга. Уг нь машин угаасан усыг цэвэршүүлээд 100 хувь дахин ашигладаг төхөөрөмж юм. Манайх одоогоор цэвэр усаар угааж байна” хэмээв.
З.БАТБАЯР: ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДАЛ БОЛОН БАРИЛГЫН СУУРИАС ГАРСАН ШҮҮРЛИЙН УСЫГ ДАХИН АШИГЛАНА
Усны газрын дарга З.Батбаяртай цөөн хором ярилцлаа.
-Авто угаалгын газруудад ирэх оноос цэвэр ус нийлүүлэхгүй, урт хугацаагаар гэрээ байгуулахгүй гэсэн саналыг холбогдох албаныхан гаргасныг та өмнө нь мэдээлсэн. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-Машин угаасан усанд өнгөлгөө, угаалгын нунтаг зэрэг химийн хортой бодис агуулагддаг учир байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Төв цэвэрлэх байгууламж ахуйн бохир усыг цэвэрлэх боломжтой. Харин химийн бодистой усыг цэвэрлэх боломжгүй. Тиймээс угаалгын газрууд усаа дахин ашиглах систем нэвтрүүлж чадвал цэвэр усаа хэмнэх боломжтой. Ийм шалтгаанаар авто угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй байх санал гаргасан юм.
-Тэдгээр газрууд нь усаа хаанаас авах вэ. Саарал ус ашигладаг туршлага манайд тун бага шүү дээ.
-Цэвэр ус ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүд Ус сувгийн удирдах газар болон орон сууцын контортой гэрээ байгуулдаг. Цаашид ийм гэрээ байгуулахгүй байх саналыг бид тавьж байгаа юм. Удахгүй бид “М Си Эс кока кола” компанийн цэвэршүүлсэн усны хэмжээг тодорхойлно. Хэрэв хэмжээ нь 125 мянган шоо метр хүрвэл авто угаалгын газрууд тэднийхээс усаа авах боломжтой. Уг үйлдвэр нь Амгаланд байрладаг. Тиймээс зарим газар “Тэндээс яаж ус зөөх вэ, зардал их гарна шүү дээ” гэдэг юм. Тиймээс авто угаалгын газруудын ойролцоо ус нийлүүлэх боломжтой хүнсний үйлдвэрүүд хэд байгааг судлахаар төлөвлөсөн. “М Си Эс кока кола” компани үйлдвэрээсээ гарсан цэвэршүүлсэн усаа яахаа мэдэхгүй байгаа. Үүнийг ихэвчлэн мод услах болон хот тохижилтод ашигладаг. Үүнтэй адил хүнсний бусад үйлдвэр ч хаягдал усаа цэвэршүүлээд, угаалгын газруудад нийлүүлэх боломжтой. Энэ нь тухайн байгууллагад ч ашигтай. Учир нь бохир усаа татан зайлуулахдаа ч төлбөр төлдөг шүү дээ. Харин угаалгын газруудад нийлүүлснээр төлбөрөө хэмнэнэ. Мөн барилгын суурь ухахад шүүрсэн усыг авах боломжтой. Барьж буй барилгынх нь сууриас ус гарсан компаниуд төлбөр төлдөг болсон. Бид тооцоо гаргаж үзэхэд ганцхан сарын дотор 10 компанийн барьж буй барилгын сууриас хоёр сая шоо метр ус шүүрсэн байв. Тэд усаа зайлуулах гэж ядаж байгаа учраас авто угаалгын газруудад үнэгүй өгөх боломжтой. Бас нэг арга нь авто угаалгын газрууд борооны усыг хуримтлуулж ашиглах юм.
Бидэнд байгаа мэдээллээр Улаанбаатар хот дахь машин угаалгын газруудын 40 орчим хувь нь зөөврийн ус хэрэглэдэг. Тиймээс хамгийн энгийн шийдэл бол машин угаалгын газрууд усаа өөрсдөө шүүдэг болох юм.
5000-аас таван сая доллар хүртэл үнээр олон төрлийн шүүлтүүр авч болно. Ийм төхөөрөмжтэй болчихвол усаа эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Цэвэр усны төлбөрөө хэмнэнэ гэсэн үг. Цаашид Улаанбаатар хотын ойр орчимд хиймлээр цөөнгүй хөв, цөөрөм байгуулахаар төлөвлөсөн. Өмнө нь байгуулсан 3-4 газар ч бий. Эндээс ус авч бас болно. Нийслэлийн хэмжээнд 17 мянган худаг бий. Тиймээс нэмж худаг гаргах шаардлагагүй. Цаашид арьс, шир, ноос, ноолуурын үйлдвэрт ч саарал ус ашиглах шаардлага тавина.
-Саарал ус ашиглаж буй авто угаалгын газар манайд байхгүй гэж үү?
-Усаа дахин ашигладаг гэж ярьдаг газрууд бий. Харамсалтай нь, усаа 100 хувь дахин ашигласан гэх газар алга. Сэлбэж хэрэглэдэг газрууд байж болно. Манайд хаягдал ус, саарал ус гэж ангилдаг. Тодруулбал, барилгын сууриас шүүрсэн, хүнсний үйлдвэрээс гарсан ус гэж хоёр ангилж байгаа. Мөн ахуйн хэрэглээний усыг цэвэршүүлснийг олон улсад саарал ус гэж нэрлэдэг.
-Машин угаалгын газруудын усны хэрэглээг зохистой байлгахын тулд эхний удаад эдийн засгийн хөшүүрэг арга хэмжээ авна гэсэн байх аа?
-Усны үнийг литрийг нь 20, 30 төгрөг хүртэл нэмэх саналыг бид Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороонд тавьсан. Тэд гэр хорооллын усны үнийг бууруулаад, орон сууцынхыг нэмж, ижилхэн үнэтэй болгосон. Машин угаалгын газрууд хамгийн хямддаа нэг машиныг 20 мянган төгрөгөөр угаадаг. Гэтэл нэг машинд зарцуулдаг усны төлбөр дөнгөж 400 юм уу, 600 төгрөг гардаг. Усны төлбөр нь үйлчилгээний нийт үнийн нэг хувьд нь ч хүрдэггүй гэсэн үг. Тэгэхээр төлбөр нэмэх нь угаалгын газруудад дарамт болохгүй гэж бодож байна.