Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, ирэх хаврын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн мах бэлтгэхтэй холбогдуулан стандартын шаардлага хангасан мал, махыг малчдаас худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. Мөн үүнд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Сангийн сайдад үүрэг болголоо. Үүнээс гадна нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг албаны хүмүүст анхааруулсан юм. Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын хүнсний хэрэгцээнд 8000 тонн мах бэлтгэж, нөөцлөхөөр салбарын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хамтран ажиллаж буй.