“Өөхөө тушаая” аяныг маргааш 12.00-16.00 цагт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, XIII дугаар хороололд байрлах Гурван өндөрийн талбайд “Натурал грасс ланд” ХХК-ийнхан зохион байгуулна. Энэ үеэр өөхийг ариун цэврийн цаас, хогийн уут, саван зэрэг хэрэгцээт бараагаар сольж авах гэнэ. Тус компанийнхан монгол малын өөхөөр хийсэн “Натурал” барааны саванг саяхнаас үйлдвэрлэжээ. Аяны үеэр уг саванг хэрэглэгчдэд танилцуулж, мөн өөхөөр солилцох нь. Төв аймгийн Зуунмод сумд өнгөрсөн сард дөрвөн цагийн хугацаатай зохион байгуулсан “Өөхөө тушаая” аянд иргэд идэвхтэй хамрагдаж, нийт хоёр тонн гаруй хаягдал өөх тушаажээ.
Дараагийн аяныг тус компанийнхан Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Содон” хорооллын талбайд зохион байгуулахаар төлөвлөснөө дурдсан. Аяныг санаачлагч Р.Батнасан “Бид энэ аяныг хоёр дахь жилдээ өрнүүлж буй. Нэг кг хаягдал өөхийг 400 төгрөгөөр тооцож авдаг. Манай улс 70 сая малтай. Үүнээс 15 сая мал нядлахад 20 мянган тонн өөх хаягдах тооцоолол бий. Цаашид үүнийг үндэсний аян болгон зарлах, орон нутгийн бүх хоршоогоор дамжуулж цуглуулах төлөвлөгөөтэй. Манайх 30 кг-аас дээш өөхийг дуудлагын дагуу хаягаар авдаг. Дэнжийн мянгад малын өөх буюу өөхөн тосыг хэрэгцээт бараагаар солилцох болон худалдаж авдаг цэгтэй” гэв.