Архангай аймаг өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор ирэх оны нэгдүгээр сараас “Даарах завгүй өвлийн орон” уриан дор нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний хүрээнд “Хангайн хасар”, “Өвлийн гоёл”, “Сарлагийн баяр”, “Жороо морины тааварт уралдаан”, “Мөсөн хананд авирагчид” зэрэг урлаг, спорт, өв соёлын арга хэмжээг орон нутагтаа хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн Монголын анхны өвсөн цэнгэлдэх хүрээлэнг байгуулж, дарвуулт чарганы спорт клуб нээхээр төлөвлөсөн аж.
Тус аймаг 2024 онд 100 мянган жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлээд буй бөгөөд гадаад, дотоодын аялагчдад зориулан жилийн дөрвөн улирлын турш идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар шийджээ.
Булганыхан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “Нэг жуулчин, нэг хонь” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Орон нутагт нь өвөл ирсэн гадаадын жуулчин бүрт нэг хонь өгөхөд бэлэн гэдгээ зарлаад буй. Тэгвэл архангайнхан ирэх онд хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа “Нэг жуулчин, нэг ямаа” хөтөлбөрийнхөө төлөвлөгөөг БОАЖЯ-ны удирдлагуудад танилцуулж, энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ.