Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын бүтээн байгуулалт эрчимжиж энэ онд Монгол Улс үндэсний төмөр замын сүлжээгээ 850 гаруй км-ээр өргөжүүлээд байгаа билээ. Төмөр замын суурь бүтэц эзэмшигчид нэмэгдэж, төмөр замын цар хүрээ, тээвэрлэлт өсөн нэмэгдэхийн хэрээр ачаа тээвэр, тээвэр логистикийн үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн.
Энэхүү эрэлт хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, суурь бүтэц хооронд солилцох, дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох хэлэлцүүлгийг Зам, тээврийн хөгжлийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, Галт тэрэг хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ хамтран зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэгт төмөр замын суурь бүтэц эзэмшигч “УБТЗ” ХНН, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК оролцож байна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1800 км төмөр замын суурь бүтэц болон “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн Төмөр замын дотоодын сүлжээний суурь бүтцүүдээр 2024 онд дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Түүнээс гадна ачаа тээвэр, тээвэр логистикийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, гарч буй хүндрэл цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар талууд хэлэлцэж байна.