Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан сургалт зохион байгуулжээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд уг сургалтыг зохион байгуулсан байна.
Тодруулбал, нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн хөвгүүдийн зөвлөлийн хүсэлтээр тус сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан Хүний эрх, жендэрт суурилсан хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт олгох сургалтыг 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэнлхам удирдан явуулсан аж. Сурагчдад энэ үеэр үе тэнгийнхний дээрэлхэлт, зарим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ойлгуулж, хувийн орон зай, бусдыг хүндэтгэх талаар мэдлэг мэдээлэл олгосон байна.