Монголын үндэсний бөхийн холбооны Барилдааны дүрмийн зөвлөлийн ээлжит хурлаар улсын баяр наадамд мөрддөг Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм болон наадмаас бусад барилдаанд хэрэгжүүлдэг Монгол бөхийн барилдааны дүрмийн заалтуудыг хэлэлцүүлсэн. Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд үндэсний бөхийн барилдааны төгсгөлд идэвх харгалзаж хасах заалтыг өөрчлөх, барилдааныг хаялцуулж дуусгах нь зөв хэмээн санал нэгджээ. Санал тус бүрийг шүүн хэлэлцсэний эцэст улсын начин Ж.Чулуунбат, Ө.Батзул нарын гаргасан саналыг хэлэлцэж, олонхоор дэмжжээ. Ингэснээр дүрмийн өөрчлөлтийг бөхийн дэвжээд, биеийн тамирын чиглэлийн их, дээд сургуулиудад хүргүүлж, нэг сарын хугацаанд туршилтын журмаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
Туршилтаар хэрэгжүүлэх нь Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 2.5.2.А-д заасан “…Сэнжиг элэг бүсний барьц болон суганы хонхор, зодогны хормойноос хав барьж хоёр талаар барилдана...” гэсэн заалтыг хасах, 2.5.2.Б-гийн“… Тэгш барьцыг харилцан бариулж барилдааныг дуусгана…” заалтыг өөрчлөн “Тэгш барьцаар хоёр бөх зүүн, баруун талдаа тус бүр хоёр удаа барилдана” гэж өөрчлөх аж. Мөн тэгш барьцаар барилдан хоёр бөх хаялцахгүй тохиолдолд идэвхтэй барилдсан бөх идэвхийн гурван барьцаас сонгож барилдахыг олонхын саналаар дэмжлээ. Идэвхийн гурван барьцны барилдааныг энэ сарын 26, ирэх сарын 5, 9, 10-нд болох барилдаанд зодоглох бөхчүүдээс санал авч, бөхийн дэвжээд, их, дээд сургуулиудаас ирсэн саналыг дүгнэн шийдвэрлэх аж.