Өнгөрсөн ням гарагт тохиосон Дэлхийн жорлонгийн өдрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас өчигдөр хэвлэлийн хурал хийж, стандартын бус ариун цэврийн байгууламжийн аюул заналхийллийг таслан зогсоох цаг болсныг санууллаа.
Улаанбаатар хот 600 мянга гаруй автомашинтай бол гэр хороололд үүнээс 80 орчим мянгаар илүү нүхэн жорлон бий аж. Нийслэлд аж төрдөг хоёр хүн тутамд нэг нүхэн жорлон ногдож буй бол нэг худгийн эргэн тойронд стандартын бус 40 орчим ариун цэврийн байгууламж байрлаж байгаа гэнэ. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж, ундны усны аюулгүй байдлыг алдагдуулан, олон төрлийн халдвараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг Усны газрын дарга З.Батбаяр дурдав.
Гэр хороолол харьцангуй бага, хотын төвийн бүсэд тооцогддог Зайсан орчмын орон сууцын хотхон, хорооллынхны ундны уснаас ч гэдэсний савханцар илэрснийг мэргэжилтнүүд онцлоод, нүхэн жорлонгоос болж Улаанбаатарын хөрс, ус үлэмж их хэмжээгээр бохирдсоныг хэлэв. Цаашдаа стандартын бус ариун цэврийн байгууламж нэмж бариулахгүй байх, тоог нь цөөлөх, жорлонгийн бохирдлыг бордоо болгон ашиглах саналыг дээрх агентлагаас дэвшүүлсэн юм. Энэ ажилд орон нутгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарынхныг манлайлан оролцохыг уриаллаа.
Бэлтгэсэн: Н.Мишээл