Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой мэдээлэл гарч байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргасныг ЕТГ-ын дарга Я.Содбаатар уншиж танилцууллаа.
Мэдэгдэлд “Сүүлийн үед үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, Монгол Улсын нэр хүнд, гадаад харилцаанд илтэд сэв суулгах зорилго бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хуурамч мэдээ мэдээлэл удаа дараа явуулах боллоо.
Нийгмийн сүлжээнд нэр бүхий хаягаас орчин үеийн программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан нь мөнхийн хөрш хоёр орны ард түмний харилцаанд зориуд сэв суулгахуйц ноцтой үйлдэл болсонд туйлаас харамсаж байна.
Энэ нь улс орны үндэсний аюулгүй байдлын эсрэг, Монгол Улсын нэр хүнд, тэр тусмаа хөрш орнуудын найрсаг харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл болж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч нь эх орноо гадаад харилцаанд бүрэн төлөөлөх эрхтэй албан тушаалтан тул төрийн тэргүүний нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг. Иймд хөрш орнууд олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг унагах, байр суурийг гуйвуулах, Ерөнхийлөгчийн нэр төрд халдах аливаа хууль бус ажиллагааг таслан зогсоолгохоор хууль хяналтын байгууллагад хандах болсноо үүгээр илэрхийлж байна” гэв.
Мөн тэрбээр "Энэ асуудлаар БНХАУ-ын холбогдох хүчний байгууллагуудад хандсаны дагуу тэнд ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэ хэргийг хийсэн гэх хоёр монгол хүнийг олж тогтоосон байгаа" гэлээ.