Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны яам, тус хүрээлэнтэй хамтран арваннэгдүгээр сарын 10-ны өдөр “Монгол Улс дахь олон улс судлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Арга хэмжээнд гадаад улсаас Монгол Улсад суугаа зарим Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл, ахмад дипломатч, эрдэмтэн судлаачид болон холбогдох агентлаг, их, дээд сургуулиудын төлөөлөл зэрэг 140 гаруй зочин оролцжээ.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Монгол Улсын Гадаад харилцааны яам хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны түүхэн тэмдэглэлт ойд зориулсан эрдэм шинжилгээний арга хэмжээг зохион байгуулах, үзэсгэлэн, судалгааны бүтээлүүдийг эрхлэн гаргах зэргээр тус ОУСХ-ийн хамт олонтой амжилттай хамтран ажиллаж ирсэн бөгөөд өнгөрсөн 55 жилийн хугацаанд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн нь Монгол Улсын нийгмийн шинжлэх ухааны нэр төртэй салбар, манай улсын олон улс судлалын гол цөм болж чадсаныг онцлон тэмдэглэж, улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлэв”. Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнтэй хамтран ажилладаг гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл “Монгол Улс дахь олон улс судлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” эрдэм шинжилгээний хурлын нээлтэд мэндчилгээ дэвшүүллээ.
Хурлын үндсэн илтгэгч, тус хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо “Монгол Улс дахь олон улс судлалын өв, судалгааны өнөөгийн байдал, цаашдын төлөв”, ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирал Д.Бямбадорж “Монгол Улсын гадаад бодлогод олон улс судлалын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол”, МУИС-ийн ШУС-ийн дэд захирал, доктор Н.Алтантөгс “Олон улс судлал ба дээд боловсролын сургалт, хөтөлбөрийн агуулга, МУИС-ийн жишээгээр” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн нь 1968 онд анх үүсгэн байгуулагдаж, 55 жилийн түүхэн хугацаанд эрдэм судлалын талаар тасралтгүй хөгжин бэхэжсээр иржээ. Дээрх хугацаанд хэвлэгдэн гарсан эрдэмтэн судлаач нарын 200 гаруй бүтээлийн үзэсгэлэнг эрдэм шинжилгээний хурлын үеэр дэлгэн танилцуулав.