“Эрүүл шүд, эрүүл ирээдүй” аяныг АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийхан өчигдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Аяны хүрээнд АШУҮИС оюутнуудаа Нүүр, ам судлалын болон“АШУҮИС дент” эмнэлэгтээ амны хөндийн эрүүл ахуйн үзлэгт хамруулж, эмчилгээний зардлаас 30 хувийг нь хөнгөлнө. Түүнчлэн ажилчдынхаа төлбөрийн 15 хувийг чөлөөлөх нь. Мөн сургуульдаа шүд угаах өрөөтэй болсон байна. Цаашид салбар сургуулиуддаа ч ийм өрөө нээх нь. Улсын хэмжээнд ирэх оноос хэрэгжүүлэх “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд тус сургууль дээрх аяныг санаачилсан гэнэ. Энэхүү аяныг өчигдрөөс эхлээд цаашид тогтмол хэрэгжүүлэх аж.
Мөн шүдний эрүүл ахуйг сахиулахад шаардагдах хэрэглэхүүнтэй автомат машиныг салбар сургуулиуд болон нүүр, ам судлалын эмнэлгүүдэд байрлуулжээ. Тус аяны нээлтэд зориулсан арга хэмжээний үеэр АШУҮИС-ийн ерөнхий захирал Н.Хүрэлбаатар “Манай сургуулийн оюутнууд Монгол Улсад шүд угаах зөв зуршлыг бий болгоход үлгэрлэх ёстой. Мөн ажилчдынхаа шүдийг эрүүл байлгахад анхаарч байгаа. “Оюутны хөгжил” хөтөлбөрийн нэг хэсэг нь энэ аян юм. Үүний хүрээнд оюутнууд шүдээ зөв угааж хэвшихэд суралцана. Ингэснээр бие эрүүл байж, сайн мэргэжилтэн болно” гэв.
Бэлтгэсэн: А.Үүлэн